Долоогоно амин дэмээр хамгийн баялаг жимс
Уламжлалт анагаах ухаанд “Жүрүр” хэмээх нэрийн дор хэрэглэнэ.
Мэдээллийн алба

Уламжлалт анагаах ухаанд “Жүрүр” хэмээх нэрийн дор хэрэглэнэ. Жимсэнд гиперин, кверцетин зэрэг флавоноид, сапонин, гликозид, фитостерин, каротин, холин, эдээлгийн бодис, лейкоантоциан, алим, нимбэг, аскорбины хүчилтэй. Эм судлалын судалгаагаар жимсний ханд нь туршилтын амьтны зүрхний үйл ажиллагааг тэтгэхийн хамт, их тундаа захын болон дотоод эрхтэнүүдийн судсыг өргөсгөдөг байна. Долоогонод байдаг урсолын, олеанын хүчил нь зүрх, тархины судсан дахь цусны эргэлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ артерийн даралтыг бууруулна. Долоогоны жимсний бэлдмэл нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах, тайвшруулах үйлдэлтэй нь илэрчээ.
Долоогоны жимс, цэцгээр бэлтгэсэн эмийг зүрхний ажиллагаа гажиж түргэсэх, зүрх дэлсэх, зүрхний невроз, хэм алдагдах, зүрхний үйл ажиллагаа сулрах, нойр хулжих, бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт ихсэх, судас хатуурах, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед цочимтгой ууртай болох зэрэгт хэрэглэнэ. Исгэлэн амттай. Шингээлт сайжруулах, биеийн тамир тэнхээ нэмэгдүүлэх, бөөрөнд хүч оруулах, дуслыг тогтоох үйлдэлтэй.
Долоогоны жимс, навч, модыг зүрхний маш олон өвчинд хэрэглэдэг. Зүрхээр өвдөх, дотор муухайрах, цусны даралт ихдэх үед долоогоныг мөсөн чихэртэй хамт буцалгаад цай маягаар хэрэглэж болно. Мөн муу цус дээш хөөрөх, цусан халуунаар толгой өвдөх, эргэх, нүд эрээлжлэх, бөөлжих, үе мөчөөр өвдөх зэрэгт буцалгаж өгдөг.
Дотор харлах, элэг орчим хөндүүрлэж өвдөх, гэдэс цанхайх зэрэгт үр жимсийг цагаан чихэртэй хольж өдөрт 3 удаа уулгавал тустай. Хүчиллэг исгэлэн тул ходоод орчим нухалж өвдөх, харлах, хар шүлс асгарах, исгэлэн гашуун усаар гулгих, цээж хорсоход долоогоныг удаан хугацаагаар хэрэглэж болохгүй. Мөн хатаагаад нунтаглаж талхлаад уушгины багтраа өвчтэй хүнд буцалсан усанд бүрж уулгадаг. Ходоодны шархтай, ходоодны хүчил ихэдсэн үрэвсэлтэй хүнд хэрэглэхгүй.
Тамир тэнхээ сайжруулдаг. Цус төлжүүлдэг. Мөн ханиад томууны эхэн үед буцалгаад халуун бүлээнээр утаж хэрэглэж болно. Долоогоно бол витамин С, хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн амин хүчил, төмөр, кальци агуулдаг амин дэмээр хамгийн баялаг жимс тул жимсний хаан гэгддэг юм. Дэлүүг эрүүлжүүлж, ходоодыг тэтгэн, хоол шингээлтийг сайжруулна.


















