Дональд Трампын цагаачлалын шинэ зарлиг хэрэгжих боломжгүй боллоо
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шинэчлэн гаргасан цагаачлалын шинэ зарлиг өнөөдрөөс хэрэгжих ёстой байлаа. Гэвч энэ удаад бас л шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шинэчлэн гаргасан цагаачлалын шинэ зарлиг өнөөдрөөс хэрэгжих ёстой байлаа. Гэвч энэ удаад бас л шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байна. Тодруулбал, Хавай мужийн шүүхийн шийдвэрээс болоод хүчин төгөлдөр болгож хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
Трамп Ерөнхийлөгч хууль бус цагаачлалтай тэмцэх, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах зорилготой шинэ зарлигаа энэ сарын 6-ны өдөр гаргасан. Эхний зарлигтай нь харьцуулахад энэ удаад нийт зургаан орны иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байсан. Мөн зарлигийн гарын үсэг зурсан даруйд бус харин 10 хоногийн дараагаас хэрэгжүүлэхээр заасан байсан.
Гэвч эсэргүүцэгчид өмнөх зарлигийнх нь дараах шигээр гудамж талбайд гарч жагсаагүй ч хүний эрхийг зөрчсөн, хүмүүсийг шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхсан гэж үзэн шүүхэд хандсан юм.
Хавайн шүүх бол доод шатных. Тэгэхээр АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас өмнөх шигээ дээд шатны шүүхэд хандах болов уу гэдэг таамаг байна. Тэгэхээр хүчингүй болголоо гэж хэлэхээсээ илүүтэйгээр хүчинтэй болох хугацааг нь түдгэлзүүллээ гэж хэлэх нь зүйтэй болов уу.


















