Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийн Хэрлэн суманд гахайн мялзан өвчин гарчээ

Дорнод аймгийн хэмжээнд 600 гаруй толгой гахай байдаг бөгөөд өвчин гарсан I баг “Малтай хороолол” орчимд 200 гаруй гахай байгаагаас 173 гахайнд уг өвчний сэжиг илэрсэн аж. Эдгээр гахайг устгалд оруулахаар төлөвлөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Дорнод аймгийн Хэрлэн суманд гахайн мялзан өвчин гарчээ
Дорнод аймгийн Хэрлэн суманд гахайн мялзан өвчин гарчээ. Зураг: МҮОНРТ

Аравдугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд гахай үхсэн гэх дуудлага ирсний дагуу шинжлэхэд А зэрэглэлийн гахайн сонгодог мялзан гэж оношлогдсон байна. Вирусын гаралтай энэ өвчин гарсантай холбогдуулан Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар I багт хорио цээрийн дэглэм тогтоож, таван газарт хянгалтын пост гаргажээ. ХХААГ-аас уг газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийж, малтай хорооллын ойр орчмын гахай тэжээдэг өрхүүдийн гахайнуудад үзлэг хийсэн байна.

Дорнод аймгийн хэмжээнд 600 гаруй толгой гахай байдаг бөгөөд өвчин гарсан I баг “Малтай хороолол” орчимд 200 гаруй гахай байгаагаас 173 гахайнд уг өвчний сэжиг илэрсэн аж. Эдгээр гахайг устгалд оруулахаар төлөвлөжээ.


Гахайн сонгомол мялзан нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушги, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй байдаг. Гахайн мялзан өвчин нь зөвхөн гахайнаас гахайнд халддаг. Тиймээс “гахайн мялзан” хэмээн нэрлэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өвчний вирусыг тээгч мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхийг хориглодог юм байна. Санамсаргүй байдлаар мялзан өвчний вирус тээгч гахайн махыг хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд ямар нэг сөрөг нөлөөгүй гэнэ. Харин түүхий махнаас энэ өвний шинж тэмдгийг хялбархан мэдэх боломжтой. Эрүүл гахайны мах цайвар, өөх нь цагаан өнгөтэй байхад, мялзан өвчтэй нь хүрэн улаан өнгөтэй байдаг аж. Халдвар авах зам нь гахайн байр, тэжээл, бордоогоор дамжих нь олонтаа. Гэвч гахай маллагч хүний хувцсаар халдах тал бий аж. Тодруулбал, мялзан өвчтэй гахайтай хавьтсан хүн хувцсаа ариутгахгүй хөршийнхөө гахайны байр руу ороход гахайнд халдвар дамждаг байна. Иймд иргэд, аж, ахуйн нэгж дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд харьяа газрынхаа мал эмнэлэгт хандаж, халдваргүйжүүлэх вакцинд хамрагдах хэрэгтэй. Аж ахуй эрхлэгч таны гахайд дээрх өвчний шинж илэрвэл цаг алдалгүй холбогдох газарт хандаарай. Нуун дарагдуулсан үйлдэлд гамшгийн асуудалд үл харгалзан хорогдсон гахайны нөхөн олговор олдохгүй юм байна.

Хуваалцах