Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар шинэ бүтцээр ажиллана
Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь ирэх онд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний стандарт болон Нийгмийн халамжийн үйлчилгээ, чанарын удирдлагын тогтолцоог орон нутагтаа нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ зорилтын хүрээнд сум хариуцсан мэргэжилтнүүдээ чадавхжуулах, бэхжүүлэх сургалтыг
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь ирэх онд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний стандарт болон Нийгмийн халамжийн үйлчилгээ, чанарын удирдлагын тогтолцоог орон нутагтаа нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ зорилтын хүрээнд сум хариуцсан мэргэжилтнүүдээ чадавхжуулах, бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Дорнод аймгийн хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашдаа анхаарах асуудал, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж, зорилтод бүлгийг тодорхойлоход анхаарах зэрэг асуудлуудаарх мэдээллийг анхан шатанд ажиллаж байгаа сум хариуцсан мэргэжилтнүүддээ өглөө. Мөн чанарын удирдлагын тогтолцоог байгууллагадаа нэвтрүүлэх зорилтыг тавьж энэ хүрээнд Хувь хүний манлайлал, харилцааны ёс зүй сэдвээр мэргэжлийн сургалтын байгууллагын сургагч багш нараар нийт албан хаагчиддаа мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байгаа юм. Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байгаа албан хаагчдын хувь хүний манлайлал, харилцаа нь байгууллагын амжилттай ажиллах нэг үндэс гэж тэд үзэж байгаа юм.
Дашрамд дурдахад Дорнод аймагт 20 гаруй мянган иргэн ажил хөдөлмөр эрхэлж, төсөвт 8-9 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг бол нийт хүн амын 30 орчим хувь нь халамжийн үйлчилгээг авч үүнд 7,8 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэхдээ халамжийн хавтгайрсан бодлогоос татгалзаж, зорилтот бүлгээ оновчтой тодорхойлох, зорилтот бүлгийнхээ хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар амьжиргааг нь сайжруулах чиглэлээр ажиллах юм. Олон хүн халамжийн үйлчилгээ авдаг биш, ажил хөдөлмөр эрхэлдэг, ашиг орлоготой байх нь тэдний зорилт юм.
Р.Сэргэлэн


















