Дорнод аймгийн зургаан багийг эмийн сантай болгоно
Дорнод аймгийн хэмжээнд нийт 30 эмийн сан ажиллаж байгаагаас хоёр нь 24 цагаар ажилладаг.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн хэмжээнд нийт 30 эмийн сан ажиллаж байгаагаас хоёр нь 24 цагаар ажилладаг. Түүнчлэн эмийн сангийн ихэнх нь аймаг, сумын төвд байдгаас шалтгаалан алслагдсан багийн иргэд шаардлагатай нөхцөлд эмийн сангаар үйлчлүүлэх боломж хомс байдаг аж. Тиймээс төвөөс алслагдмал багуудад эмийн сан байгуулахыг бодлогоор дэмжих чиглэлийг орон нутгийн зүгээс баримталж байна.
Энэ асуудлаар тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймгийнхаа Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон Хэрлэн сумын багийн Засаг дарга нарт хугацаатай үүрэг чиглэл өгч, Хэрлэн сумын 1, 2, 3, 8, Халхгол сумын Ялалт, Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эмийн сан болгохоор болжээ. Энэ ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Монгол эм импекс”, Мөнхийн тун компанитай гэрээ байгуулан хэрэгжүүлэх юм байна.


















