Дорнодын БОЭТ-д “хүчилтөрөгчийн ханын систем” суурилуулна
Хүн энгийн агаараас 23, хүчилтөрөгч өтгөрүүлэгчээс 50 хувийн хүчилтөрөгч авч амьсгалдаг бол ханын хүчилтөрөгчийн системээс 99.9 хувийн хүчилтөрөгч авах боломжтой юм байна.
Мэдээллийн алба

“COVID-19” цар тахлын үеийн нэн чухал эмчилгээ нь хүний бие махбодыг 100 хувь хүчилтөрөгчөөр хангах аж. Тодруулбал, Хүн энгийн агаараас 23, хүчилтөрөгч өтгөрүүлэгчээс 50 хувийн хүчилтөрөгч авч амьсгалдаг бол ханын хүчилтөрөгчийн системээс 99.9 хувийн хүчилтөрөгч авах боломжтой юм байна.
Тэгвэл Дорнод аймгийн Онцгой комиссын 45 дугаар хуралдаанаар аймгийнхаа Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн халдварт, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээ, хүүхдийн сэхээн амьдруулах тасагт “Хүчилтөрөгчийн ханын систем” суурилуулах санхүүжилтийг шийдвэрлэжээ.
Хүчилтөрөгчийн ханын систем нь цар тахлын үед хэрэглэхээс гадна амьсгалын зам, хоол боловсруулах, тархи, нуруу нугас зэрэг эрхтэн тогтолцооны хүнд эмгэгийн үед өвчтөн хүчилтөрөгчийн дутагдалд орж амин чухал эрхтэн нь эдгэшгүй өөрчлөлтөд орохоос сэргийлэх, хүчилтөрөгчийн дутагдлаас гаргахад чухал ач холбогдолтой юм байна.


















