Дорноговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цэцэрлэгт явах боломжтой боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг заавал тусгаарлах шаардлагагүй. Аль болох нийгэмшүүлж, эрүүл хүүхдүүдтэй хамтад нь хөгжүүлэх орчин чухал гэж олон улсад үздэг байна.
Мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг заавал тусгаарлах шаардлагагүй. Аль болох нийгэмшүүлж, эрүүл хүүхдүүдтэй хамтад нь хөгжүүлэх орчин чухал гэж олон улсад үздэг байна. Манай улсад ийм боломж нөхцөлийг хангасан цэцэрлэг, сургууль байдаггүй. Тэгвэл Дорноговь аймагт энэ жил шинээр барьж байгуулсан хоёр цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги, сэргээн засах танхим байгуулсан байна.
Манай улсад 30 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Эдгээр хүүхдүүдийн олонх нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй аж. Хүүхэд байнга гэртээ байна гэдэг нь гэр бүлийн нэг гишүүн түүнийг асарч гэртээ байнга суухаас өөр аргагүйд хүрдэг. Энэ нь өрхийн амьжиргаанд ч сөрөг нөлөөтэй. Тиймээс Дорноговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбооноос нутгийн зөвлөлдөө санал тавьсны дагуу шинээр 14 хүүхэдтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангийг цэцэрлэгтээ нээж, сэргээн засах танхимыг байгуулжээ.


















