Дорноговь аймгийн төв номын санг нэрт найрагч А.Эрдэнэ-Очирын нэрэмжит болгов
Дорноговь аймгийн Төв номын санг соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор" цомын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болгох тогтоолыг тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 100 хувийн саналаар баталжээ
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Төв номын санг соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор" цомын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болгох тогтоолыг тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 100 хувийн саналаар баталжээ.
Дашрамд дуулгахад, нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсан Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн. Тэрээр “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлээ уншигчдын мэлмийд өргөн барьсан бөгөөд “Алтан бийр” 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан-Уул” 1992, 1998, “Аморе” 2004 наадмын тэргүүн шагнал хүртсэн. Түүнчлэн шилдэг бүтээлүүдээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал, 2017 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг хүртсэн билээ.


















