Дотоод хэргийн их сургуульд хүний эрхийн хичээлийг түлхүү оруулна
Уг арга хэмжээ ирэх 10 дугаар сараас буюу 2020-2021 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхлэх юм байна
Мэдээллийн алба

Хүний эрхийн үндэсний комисс Дотоод хэргийн их сургуультай хамтран тус сургуульд бэлтгэгдэж буй цагдаа, шүүхийн шийдвэр, удирдлагын сургууль, онцгой байдал, хил хамгаалах байгууллагын албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагаар үйл ажиллагаа явуулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг.
Энэ хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Дотоод хэргийн их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар энэ сарын 19-нд ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Дотоод хэргийн их сургуульд шинээр байгуулж буй номын сангийн цогцолборт хүний эрхийн номын хэсэгтэй болох, ХЭҮК-ын цахим номын санг тус сургуулийн эрдэмтэн багш нар, судлаач, сонсогчдод хүртээмжтэй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.
Өмнө нь Хүний эрхийн үндэсний комиссоос байгуулж өгсөн “Хүний эрхийн кабинет”-ыг үр дүнтэй ажиллуулах, тус сургуулийн магистр, докторантурын сургалтын эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөрт хүний эрхийн сэдвийг тэргүүлэх чиглэл болгон тусгах, бакалаврын түвшний сургалтад “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Халдашгүй дархан байдал ба хүний эрх” сэдэвт хичээлийг сонгон судлах, мэргэшүүлэх чиглэлээр оруулах талаар ч ярилцаж тохирчээ.
Түүнчлэн хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрэгжсэнээр хүний эрхийн хамгаалагчдын тоонд зүй ёсоор багтдаг хууль, эрх зүйн салбарын шинэ боловсон хүчин хүний эрхэд суурилсан хандлагаар төлөвшиж, бэлтгэгдэх, улмаар үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмуудыг баримтлан ажиллах, хүний эрхийн мэдрэмжтэй боловсон хүчин бэлтгэгдэж гаргахад үр дүнгээ чиглүүлж ажиллахаар болжээ. Уг арга хэмжээ ирэх 10 дугаар сараас буюу 2020-2021 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхлэх юм байна.


















