“Дөл-2025" тэмцээний улсын аваргаар Дархан-Уул аймгийн "Шонхрууд" тасгийн сурагчид шалгарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээн зургаадугаар сарын 5-7-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээн 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Цогцолбор тэмцээнд оролцохоор 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 400 гаруй шилдгийн шилдэг сурагчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн хээрийн байрлалд цугларан хурд, хүч, авхаалж самбаагаа сөрөн өрсөлдөв. Энэхүү тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилготой юм.
Нэгдсэн дүнгээр улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээний тэргүүн байрт Б.Азжаргал Засаг даргатай Дархан-Уул аймгийн “Шонхрууд” тасаг, II байрт М.Алтангэрэл Засаг даргатай Сүхбаатар дүүргийн “Алтан-Од” тасаг шалгарчээ.

Харин гутгаар байрт Б.Цэрэн Засаг даргатай Хан-Уул дүүргийн “Сүлд” тасаг, дөрөвдүгээр байрт Н.Мандуул Засаг даргатай нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хангарди” тасаг, тавдугаар байрт Б.Цэрэннадмид Засаг даргатай Архангай аймгийн “Тайхар” тасгийн тамирчин сурагчид тус тус бусдыгаа хошуучлан манлайллаа.



















