Дулаахан өвөл
Хангай нутагт үүрийн цагаан гэгээ татаж, уул тал сүүн цагаан өнгөөр туяарна. Тэсийн голоос хойш салбарласан хангайн сүрлэг уулсын дундуур цагаан манан татжээ.
Мэдээллийн алба

/Зураглал/
Хангай нутагт үүрийн цагаан гэгээ татаж, уул тал сүүн цагаан өнгөөр туяарна. Тэсийн голоос хойш салбарласан хангайн сүрлэг уулсын дундуур цагаан манан татжээ. Балчир есийн жавар тачигнаж, хацар хайрсан энэ өглөө гагцхүү малчны хотноос л хөл хөдөлгөөн, халуун дулааны илч мэдрэгдэнэ. Дулаан хэвтэртээ тайван хивэх хоттой хонь, өглөөний хүйтэн агаарыг уур савссан халуун уураар зурж, таатайяа хивэх үхрийн амьсгалаас өөр чимээгүй. Харин үхрийн хашаа, өтөг бууцны архан талд барьсан есөн ханатай том цагаан гэрээс, хуурай модны цагаан утаа суунаглах авч өглөөний хүйтэн, цэвэр агаарт сарнин одно. Басхүү яндангийн хүнгэнэх дуу ойр орчимд дуулдах нь өвлийн өглөөг чимээлнэ.
Үүрийн цагаан гэгээтэй уралдаж боссон саальчин бүсгүй үхрийн зэл рүү алхлаа. Дүн өвлийн хүйтэнд эхээ мөрөөдөж хоносон бяруун тугал эхдээ тэмүүлж мөөрөх нь өвлийн өглөөг дуудан сэрээх шиг. Үхэр, тугалын мөөрөхтэй зэрэгцэн үнээний ивлэсэн цагаан сүү, саалийн хувинд сархийж, жавар тачигнасан өглөөг сүүн цацлаар мялаана. Сүүн цацал саалийн хувинг дүүргэж, саальчин бүсгүй гэрийн зүг алхлаа. Яг энэ үед хангай нутаг сүүн цагаан өнгөө хувиргаж, уулын оройд алтан шаргал нарны туяа татах нь өвлийн өдөр эхэлж буйн шинж.
Үд дундын нар дулаан илчээрээ хацар төөнөж, өвсний толгой, моддын мөчирт хайлмагтаж тогтсон цасан талстууд нарны гэрэлд гялалзана. Нар ээсэн уулын энгэрт өнтэй өвлийн цасанд дарагдаагүй, өвсний сор шаргалтана. Өвсний сор дагаж, тайван идээшлэх хонин сүрэг, хоньчин эрийн морины амгай шаргих дуунаас гадна, байгаль дэлхий ч бас өөрийн өнгөөр хоршино.
Униар татсан Тэсийн голын шугуй, уулс бүрхсэн буурал моддын орой, нар ээсэн энгэрт тайван идээшлэх хонин сүрэг. Уулын энгэрт хайлмагтаж тогтсон цасан талстууд. Өвлийн нарны дулаан илч. Өнтэй цагийн дулаахан өвөл.
“Хурд” агентлагийн сурвалжлагч Г.Батзаяа


















