Дунд хугацаанд жилдээ 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын татах зорилтыг тавьжээ
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж өнгөрөв. Дөрвөн жилийн өмнө анх зохиогдож байсан энэ зөвлөгөөнийг энэ жил шинэчилж
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж өнгөрөв. Дөрвөн жилийн өмнө анх зохиогдож байсан энэ зөвлөгөөнийг энэ жил шинэчилж дахин өргөн цар хүрээтэй зохион байгуулсан гэж үзэж байна. Уг зөвлөлдөх уулзалт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүд болон агентлагийн дарга нар, гадаадын түншүүд эдийн засгийн төлөв байдал, цаашдын зорилго хэтийн төлөв, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого зэргээ ярьж нэг ойлголт, нэгдмэл санаанд хүрлээ. Нээлтэд Сангийн сайдын хэлсэн үгнээс хэд хэдэн өгүүлбэр олны анхаарлыг зүй ёсоор татаж байв.
Учир нь төсвийн алдагдал ихтэй байгаа энэ үед яаж ажиллах, ямар замаар төсвийг алдагдалгүй болгох талаар салбар яамнаас нь ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм билээ. Тэрбээр “2011 онд манай улсад 4,7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан ч томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт удааширч, хөрөнгө оруулалтын хэмжээ жил дараалан буурсаар 2015 онд 121,5 сая ам.доллар болсон. Тиймээс Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн орчныг сайжруулж хөрөнгө оруулагчид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллуулж байна.
Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид хохиролгүй, түншүүд харилцан ашигтай ажиллах бизнес улс төрийн тогтвортой орчин бүрдэнэ. Дунд хугацаанд бид жилдээ 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын татах зорилтыг тавиад байна” гэдгээ илэрхийлсэн юм. Тиймээс урсгал нь удааширч унтаа болсон гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчин бол эрх ашгийг нь сайн хангаж ажиллах ёстой гэдгийг зөвлөгөөнд оролцсон оролцогчид онцолж байв гэж Үндэсний Хөгжлийн газраас мэдээллээ.


















