Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймаг жилийн төсвийнхөө 80 гаруй хувийг улсаас авдаг

“Говийн бүсийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалт Дундговь аймгийн Мандалговь хотноо болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Дундговь аймаг жилийн төсвийнхөө 80 гаруй хувийг улсаас авдаг
Дундговь аймаг жилийн төсвийнхөө 80 гаруй хувийг улсаас авдаг. Зураг: МҮОНРТ

“Говийн бүсийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалт Дундговь аймгийн Мандалговь хотноо болж байна. “Нэг говь, нэг зорилго” уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалтад Эдийн засгийн бодлого, өрсөлдөхч чадварын судалгааны төвийн /ЭЗБӨЧСТ/-ийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан хэлэхдээ “Говийн бүс нь 350 мянган км газар буюу Монгол Улсын нийт газар нутгийн 22.3 хувийг эзэлдэг хэдий ч нийт хүн амын 5.6 хувь нь амьдардаг, Монгол Улсын хөгжлийн тулгуур бүс нутаг юм. ЭЗБӨЧСТ 2013 оноос Монгол Улсын 21 аймгийг эдийн засаг, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлсээр 180 гаруй шалгуур үзүүлэлтийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварыг жил болгон тодорхойлсоор ирсэн.

Хөрш зэргэлдээ Өмнөговь аймаг 3 дугаарт, Дорноговь аймаг 10 дугаарт эрэмбэлэгдэж байхад Дундговь аймаг 21 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Тиймээс ч бид Дундговь аймгийг сонгож чуулганаа зохион байгуулж байна.

Өмнөговь, Дорноговь аймгуудад уул уурхайн салбар хөгжсөнөөр нийгэм эдийн засагт нь эерэг нөлөө үзүүлсэн. Бид чуулганаараа бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн төрөлжилт болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэхийг зорьж байгаа” гэлээ.

ЭЗБӨЧСТ нь бүс нутгийн хамтын хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж буй бөгөөд 2014 онд 21 аймгийн төлөөллийг оролцуулсан “Аймгуудын өрсөлдөх чадварын чуулган”-ыг Улаанбаатар хотод, өнгөрсөн жил “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод амжилттай зохион байгуулсан билээ.

Говийн бүсийн аймгуудын давуу тал: ДНБ-ий хэмжээгээрээ Өмнөговь 2 дугаарт, Дорноговь 9 дугаарт, Дундговь 12дугаарт,

Дундаж цалингаар Өмнөговь 2 дугаарт, Дорноговь 4 дүгээрт, Дундговь 12 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Говийн бүсийн аймгуудын сул тал: Төсвийн орлогын хэмжээгээрээ Өмнөговь аймаг 1 дүгээрт эрэмбэлэгдэн тэргүүлж байгаа хэдий ч Дорноговь 19 дүгээрт, Дундговь 20 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд тариалсан талбайн хэмжээгээр Өмнөговь 18 дугаарт, Дорноговь 19 дүгээрт Дундговь 20 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Манай аймгийн эдийн засгийн үндэс нь мал аж ахуй бөгөөд тус аймагт томоохон үйлдвэр, уурхай байхгүй, орлого багатай, жилийн төсвийнхөө 80 гаруй хувийг улсаас татаас байдлаар авдаг, хүн ам цөөнтэй, зах зээлийн багтаамж багатай аймаг юм. Тус аймаг Улаанбаатар хот Өмнөговь, Дорноговь аймгуудын уул уурхай, аж үйлдвэрийн паркийн их бүтээн байгуулалтын алтан дундаж дээр байрладаг, хатуу хучилттай авто зам, эрчим хүчний найдвартай олон талын эх үүсвэр бүхий дэд бүтцийн одоогийн хүрсэн түвшингээ улам сайжруулсны үндсэн дээр хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлж говийн бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой юм.

Чуулганд оролцож буй аймгууд тус тусын аймгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ говийн бүс нутгийг хамтдаа хөгжүүлэх, харилцан бие биеийнхээ давуу болон сул талуудыг нөхөж хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцсон нь өнөөдрийн энэ чуулганы гол үр дүн гэж үзэж байна” хэмээн хэлсэн байна.

Хуваалцах