Дундговь "Мон-Алтиус Смарт" баг улирлын хоёр хожилтой боллоо
Монгол Улсын Залуучуудын шигшээ багийн тамирчдаар хүч хуримтлуулсан шинэ цагийн шилдэг тулаан гэж нэрлэгдэх Дундговь "Мон-Алтиус Смарт", Сүхбаатар "Лидер" багуудын тоглолт энэ өдрийн сонирхол татсан тоглолт байлаа. Залуучууд ч бие биедээ амархан бууж өгөхийг хүссэнгүй
Мэдээллийн алба

Монгол Улсын Залуучуудын шигшээ багийн тамирчдаар хүч хуримтлуулсан шинэ цагийн шилдэг тулаан гэж нэрлэгдэх Дундговь "Мон-Алтиус Смарт", Сүхбаатар "Лидер" багуудын тоглолт энэ өдрийн сонирхол татсан тоглолт байлаа. Залуучууд ч бие биедээ амархан бууж өгөхийг хүссэнгүй. Тоглолтын эхнээс алдаа их гарсан, "Дундговь Смарт" баг алдааны асуудалд эрт орсон ч "Лидер"-үүд тоглолтыг ашигтайгаар эргүүлж чадсангүй.
Легионер Kashif Watson тоглолтын турш сайн байж 28 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол А.Гансүх 25 оноо 6 самбараас бөмбөг авалт, Andre Brown 14 оноо, 13 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа хожиход чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Багийн бусад залуус ч тун жигд тоглот үзүүлж багаараа 45 хувьтай довтолж байсан нь тэдний хожсон гол шалтгаан байлаа. Мөн тэдний өрсөлдөгчид багаараа 26 хувьтай довтолсон нь хамгаалалт сайн болж байсны шинж юм.
Өмнөх тоглолтдоо лигийн хүчирхэг багуудын нэг болох "Танан Гарьд"-ыг буулгаж аваад байсан Сүхбаатар "Лидер"-үүд тун хангалтгүй тоглолтыг үзүүллээ. Jonathan Blake багаа тэргүүлэн 18 оноо, 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол Батзолбоо 17 оноо, Chu Madaubum 16 оноо, Э.Дөлгөөн 13 оноо 11 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэсэн ч бусад залуус нь хангалтгүй байлаа.
Тэдний довтолгоо тун хангалтгүй байсан ба багаараа алсын зайнаас 28 шидэж ердөө гурвыг нь амжилттай болгосон нь хожигдсон гол шалтгаан байлаа. Анхны хожигдлоо хүлээсэн Сүхбаатар "Лидер"-үүд дараагийн тоглолтоо маргааш хүчирхэг Ирвэсүүдийн эсрэг 20:00 цагаас хийнэ.


















