Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дөрөвдүгээр сараас тоон гарын үсгийн гэрчилгээ олгож эхэлнэ

Өнгөрөгч 2011 оны 11 дүгээр сард Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан ч хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн. Тиймээс энэ хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор тоон гарын үсгийг ашиглах ажлыг эхлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Дөрөвдүгээр сараас тоон гарын үсгийн гэрчилгээ олгож эхэлнэ
Дөрөвдүгээр сараас тоон гарын үсгийн гэрчилгээ олгож эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 2011 оны 11 дүгээр сард Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан ч хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн. Тиймээс энэ хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор тоон гарын үсгийг ашиглах ажлыг эхлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэхүү тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хамтран ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг иргэний үнэмлэхэд бичиж олгохоор болжээ.

Интернэт иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсноор түүнийг даган интернэт орчинд төрийн, санхүүгийн зэрэг төрөл бүрийн үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг олон төрлийн үйлчилгээ, хэрэгцээ шаардлага үүсч байна. Цахим орчинд холбогдсон хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгох, мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, цахим орчинд иргэнийг таних, аливаа үйлдэл, хэлцэл, баримт бичгийн эзэн, эх сурвалжийг тогтоох асуудлыг тоон гарын үсэг найдвартай шийдвэрлэж чаддаг шилдэг шийдэл гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч буй.

Цахим гарын үсгийн тухай хуульд тоон гарын үсгийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд иргэн, аж ахуйн нэгжид олгохоор заасан бөгөөд гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Интерактив” ХХК болон “СССК” ХХК-ийн түншлэлд олгожээ. Уг түншлэл өөрийн дэд бүтцийг байгуулан “Мон Пасс” нэрийн дор зах зээлд үйлчилгээгээ танилцуулж байгаа бөгөөд тоон гарын үсгийн гэрчилгээг олгож түүний хэрэглээг түгээхэд бэлэн болсон байна. Тоон гарын үсгийг эзэмшсэнээр төрийн болон бизнесийн цахим үйлчилгээ, системд хандахдаа өөрийгөө таниулж нэвтрэх, тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим баримт бичгийг цаасан хэлбэрээр гарын үсэг зурж, тамга дарсан баримт адил хүчин төгөлдөр ашиглах, олон төрлийн үйлчилгээг цахим орчинд авах зэрэг олон давуу талтай аж.

Нэмж мэдээлэхэд, иргэд тоон гарын үсэг хэрэглэж эхэлснээр Засгийн газраас иргэдэд үзүүлдэг 167 үйлчилгээг онлайнаар авах боломж бүрдэх аж. Өөрөөр хэлбэл, иргэд баримт бичгийг цаасан хэлбэрээр бэлдэж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарах зэрэг шат дараалсан олон ажлыг хөнгөвчлөхөөс гадна төрийн үйлчилгээг цахимаар авах, мэдээллээ найдвартай нууцлах зэрэг давуу талтай юм.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Хуваалцах