Дөрвөн аймгийн нийтийн тээвэр 1-2 цагийн хоцрогдолтой үйлчилж байна
Өнгөрөгч амралтын өдрөөс орж эхэлсэн хур тунадасны улмаас хот хоорондын нийтийн тээврийн зарим чиглэлийн хөдөлгөөн удаашраад байна.
Мэдээллийн алба

Өнгөрөгч амралтын өдрөөс орж эхэлсэн хур тунадасны улмаас хот хоорондын нийтийн тээврийн зарим чиглэлийн хөдөлгөөн удаашраад байна. Тухайлбал, Сүхбаатар, Дорнод, Дархан, Хэнтий аймгийн чиглэлийн нийтийн тээвэр нэгээс хоёр цагийн хоцрогдолтой байгаа аж.
Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбат “Өчигдөр оройноос эхлэн Баянхонгор, Булган болон Говийн нутгуудаар хур тунадас орсон. Цаг уур орчны шинжилгээний газраас авсан мэдээгээр өнөө, маргаашдаа цаг агаар энэ хэвээр байх төлөвтэй байна. Зүүн бүсийн нутгаар их хэмжээний цас орж байна. Үүнээс болж зарим чиглэлийн нийтийн тээвэр нэгээс хоёр цагийн хоцрогдолтой буюу тогтсон хурдаас арай бага хурдаар үйлчилгээгээ гүйцэтгэж байна” гэлээ.
Иймээс орон нутгийн замд гарах гэж байгаа иргэдэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон дулаан хувцсаа сайтар бэлдэж явахыг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.
Г.Баттүшиг


















