Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дуулианд холбогдсон хөгжмийн зохиолчийн аяыг Токиогийн олимпын нээлтийн ёслолоос хасжээ

Токиогийн олимп зохион байгуулах хороо хөгжмийн зохиолчтой холбоотой шүүмжлэл гарсны улмаас Олимпын наадмын нээлтийн ёслолын эхний дөрвөн минутад эгшиглүүлэхээр төлөвлөж байсан хөгжмийг хасахаар болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуулианд холбогдсон хөгжмийн зохиолчийн аяыг Токиогийн олимпын нээлтийн ёслолоос хасжээ
Дуулианд холбогдсон хөгжмийн зохиолчийн аяыг Токиогийн олимпын нээлтийн ёслолоос хасжээ. Зураг: МҮОНРТ

Токиогийн олимп зохион байгуулах хороо хөгжмийн зохиолчтой холбоотой шүүмжлэл гарсны улмаас Олимпын наадмын нээлтийн ёслолын эхний дөрвөн минутад эгшиглүүлэхээр төлөвлөж байсан хөгжмийг хасахаар болжээ. Учир нь Олимпын нээлтийн ёслолын хөгжмийн багт ажиллаж байсан хөгжмийн зохиолч Кейго Ояамада оюутан байхдаа ангийнхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дээрэлхэж байснаа хүлээн зөвшөөрч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм байна.

Хөгжмийн зохиолч, 52 настай Кейго Ояамада 10 гаруй жилийн өмнө сэтгүүлд ярилцлага өгөхдөө ангийн хүүхдүүд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дээрэлхдэг байсан, үүндээ харамсдаггүй гэж ярьсан нь нийгмийн сүлжээгээр гэнэт тархаж, улмаар Японы иргэд олон нийтийн дунд эсэргүүцэл, шүүмжлэл дагуулжээ.

Үүнтэй холбогдуулан Кейго Ояамада олон нийтээс уучлалт гуйж, Олимп болон Паралимпын наадамд гүйцэтгэж буй үүргээсээ татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна.

Олимп зохион байгуулах хороо олон нийтэд таагүй сэтгэгдэл төрүүлж, төөрөгдүүлсэндээ уучлалт гуйж, нээлтийн ёслолын ажиллагааны эхний дөрвөн минутад тоглуулахаар төлөвлөж байсан Кейго Ояамадагийн уран бүтээлийг хассан гэдгээ мэдэгджээ.

Ояамадагийн аяыг орлох уран бүтээл гаргахаар бусад хөгжмийн зохиолчид ажиллаж эхэлжээ. Мөн Кейго Ояамадагийн Паралимпын наадмын нээлтийн ёслолд эгшиглүүлэх аяыг ч хөтөлбөрөөс хассан байна. Энэ үеэр Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Като “Хүн хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран дээрэлхэх, доромжлох үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Олимп зохион байгуулах хороо хөгжмийн зохиолчтой холбоотой асуудлыг зохих түвшинд шийдвэрлэнэ гэж найдаж байна" гэж мэдэгджээ.

Мөн Олимпын наадам эхлэх дөхсөн энэ үед Олимпын бэлтгэлийг өндөр түвшинд хангаж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хуваалцах