Дүүргийн анхан шатны шүүхүүдийг дагнан байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ
Үндсэн хуульд шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх байхаар зааж улмаар шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох боломжийг нээлттэй үлдээсэн байдаг.
Мэдээллийн алба

Үндсэн хуульд шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх байхаар зааж улмаар шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох боломжийг нээлттэй үлдээсэн байдаг. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг иш үндэс болгож УИХ-аас 2012 онд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, хяналтын шатны болох Улсын дээд шүүх, давж заалдах шатны болох аймаг, нийслэлийн шүүх, анхан шатны болох сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс тус тус бүрдэхээр хуульчлагдаж, улмаар хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан.
Гэвч Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэг, 2 дугаар зүйлийн нэг, хоёр, гурав дахь хэсгийн 6, 11 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн ирэх долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг шинээр боловсруулжээ.
Уг хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм. Хуулийн төсөлд нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны найман шүүхийг дагнан байгуулах, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулахаар тусгасан байна. Мөн Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг Сум дундын найман шүүхийг дагнан байгуулахгүйгээр байгуулахаар хуулийн төсөлд тус тус тусгажээ.


















