Э.Бат-Үүл: Ерөнхий сайдын Н.Энхбаяртай байгуулсан гэрээг хараад цочирдлоо
Тэрээр Ерөнхий сайд ийнхүү МАХН-тай гэрээ байгуулсан нь намын гишүүд, дэмжигчдээсээ нууцаар хийсэн ёс зүйгүй, тохирооны үйлдэл гэсэн юм.
Мэдээллийн алба

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Энэ талаараа тэрээр өнөөдөр мэдээлэл хийж МАХН-тай байгуулсан гэрээ бол АН-ын өнгөрөгч 2012 онд байгуулсан гэрээний шинэчилсэн хувилбар, намын ҮЗХ болон Гүйцэтгэх зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр байгуулсан хэмээн мэдэгдсэн.
Харин Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл АН-ын дарга Н.Алтанхуягийн энэхүү үйлдлийг эсэргүүцэж байгаа ажээ. Тэрээр Ерөнхий сайд ийнхүү МАХН-тай гэрээ байгуулсан нь намын гишүүд, дэмжигчдээсээ нууцаар хийсэн ёс зүйгүй, тохирооны үйлдэл гэсэн юм. Түүнчлэн бусад нам, эвсэлтэй хамтарч ажиллах асуудлыг АН-ын ҮЗХ хуралдаж байж шийдэх ёстой байтал ганцаараа ийм шийдвэр гаргасан тул Н.Алтанхуягт хариуцлага тооцох ёстой гэдгийг ҮЗХ-д сануулсан байна.
Тэрээр мөн АН болон МАХН-ын хамтран байгуулсан гэрээнд заасан “УИХ-ын ээлжит сонгуулийн мажоритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид бие биенийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь зохицуулна” мөн “нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана” зэрэг заалтуудыг нийслэлд хэрэгжүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
.jpg)


















