Эдийн засаг, нийгмийн зорилт улсын төсөвтэй уялддаггүй гэв
Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газраас энэ сарын нэгний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газраас энэ сарын нэгний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт танилцуулсан юм.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогоос 14, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 80 арга хэмжээ тусгагджээ. Үндсэн чиглэлд тусгагдсан нийт 6 бодлого, 25 зорилт, 104 арга хэмжээний биелэлт 2014 оны жилийн эцсийн байдлаар 63.7 хувьтай гарч, өмнөх оныхтой харьцуулбал 3.4 пунктээр буурсан байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 104 арга хэмжээний 49 нь хөрөнгийн эх үүсвэртэй хэрэгжихээр батлагдсан. Харин 20 арга хэмжээ нь дутуу буюу хангалтгүй хэрэгжилттэй гэсэн дүнтэй байгааг сайд танилцуулгадаа дурдав.
Үндэсний аудитын газраас үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар гаргасан зөвлөмжид үндсэн чиглэлийг төлөвлөх, хэрэгжилтэд нь хяналт тавих, тайлагнахад зарчмын өөрчлөлт гараагүй гэж дүгнээд цаашид үндсэн чиглэлд тусгах зорилт, арга хэмжээний төлөвлөлт, түүнд тавих хяналт, хэрэгжилтийг тайлагнах, үнэлж дүгнэх талаар стандарт боловсруулж ажиллах, шалгуур үзүүлэлтийг оновчтой болгох шаардлагатай гэж үзсэн байна.
Сайдын танилцуулга, аудитын байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн гишүүд үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүд нь төсөвтэй уялддаггүй, хэрэгжилтэд нь тавих хяналт, тооцох хариуцлага тодорхойгүй явж ирсэнд шүүмжлэлтэй хандаж, цаашид үндсэн чиглэлийг төлөвлөх, хэлэлцэж батлах, тайлагнах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг онцолж байв. Иймээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг төлөвлөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, хэрэгжилтийг хангах, тайлагнах, үнэлж дүгнэх болон хариуцлагын асуудлыг цогцоор нь шийдэх асуудлыг хэлэлцүүлгийн шатанд байгаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгуулах тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, хэрэгжилтийг үнэлж дүгнэх одоогийн практикийг боловсронгуй болгох саналыг тус байнгын хорооноос санаачлан УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганд оруулж хэлэлцүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.


















