Эдийн засгийг эрчимжүүлэх мэдлэгт суурилсан загварчлалыг танилцууллаа
МҮХАҮТ-ын санаачилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчидтэй уулзаж, улс орны эдийн засгийн хөгжлийн болон цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Мэдээллийн алба

МҮХАҮТ-ын санаачилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчидтэй уулзаж, улс орны эдийн засгийн хөгжлийн болон цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр МҮХАҮТ-аас Эдийн засгийг эрчимжүүлэх систем динамикийн мэдлэгт суурилсан загварыг танилцуулж, санал авлаа. Үүний жишээ болгож Эрдэнэс Силвер ресурс ТӨХК “Салхитын мөнгөний ордын үр өгөөж” сэдвээр мэдээлэл хийв.
МҮХАҮТ-ын ахалсан эдийн засагч, математикчид, судалгааны мэргэжилтнүүдийн баг өнгөрөгч 2019 онд улс орны эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, улстөрийн нөхцөл, төр засгийн тогтворгүй байдлаас үл хамаарах хөгжлийн цогц загварыг боловсруулахаар ажилласан юм.
Судалгааг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмаар эдийн засгийн үр өгөөж бүхий салбарууд, орд газар түшиглэсэн томоохон төслүүд, Улаанбаатар болон 21 аймгийн бүсчлэл гэсэн гурван тулгуурт суурилан хийсэн байна.
Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн танилцуулахдаа “Бид сүүлийн 30 жилд 15 удаагийн сонгууль явуулж, 18 Засгийн газар сольсон байна. Тэр хэрээр улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсч энэ нь эргээд эдийн засагтаа нөлөөлж байна. Цаашид яг одоогийн хэвээрээ явбал 2025 он гэхэд эдийн засаг 13 тэрбумаар өснө, бидний дэвшүүлж буй аргачлалаар бол 30 тэрбумаар өсөхөөр байна. Хувийн хэвшилд суурилсан, тэр дундаа манлайлал нь ил тод болсон хөгжлийн загварыг бид санал болгож байна. Ингэснээр цөөн хэдэн бүлэглэл үр ашгийг хүртэх биш 1,3 сая ажлын байр бүрдүүлж буй хувийн хэвшлийн салбарын тэгш оролцоо бий болох юм” гэв.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын төгсгөлд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг тусгасан энэхүү загварыг хэрэгжүүлэх саналуудаа УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулсан бөгөөд хууль тогтоогч байгууллагын зүгээс судалж үзэж, ажил хэрэг болгохоо мэдэгдсэн юм.
Эх сурвалж: МҮХАҮТ


















