Ээлжит бус чуулган хаалтаа хийнэ
УИХ-ын даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу энэ долоо хоног УИХ үйл ажиллагаагаа явуулаад ээлжит бус чуулганыг хаах гэж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу энэ долоо хоног УИХ үйл ажиллагаагаа явуулаад ээлжит бус чуулганыг хаах гэж байна. Тодруулбал өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд болон Төсвийн байнгын хороо хуралдах юм. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоолын төслүүд болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийн хурал болно.
Харин маргааш болох Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлэл сонсч, Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаан энэ сарын 25-наас 27 хүртэл гурван өдөр хуралдаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай болон Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, “Урт нэрт” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хамтарсан байнгын хороогоор дахин хэлэлцүүлэн, намрын чуулганд оруулах боллоо.


















