ЭЕШ авах танхимуудад хяналтын камер байршуулна
Энэ жил улсын хэмжээнд 40 мянган төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Төгсөгчдийн хувьд шалгалтдаа онлайнаар бүртгүүлж дууссан. Улсын хэмжээнд шалгалт авах 50 байр байх бөгөөд одоогоор эдгээр шалгалтын
Мэдээллийн алба

Энэ жил улсын хэмжээнд 40 мянган төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Төгсөгчдийн хувьд шалгалтдаа онлайнаар бүртгүүлж дууссан. Улсын хэмжээнд шалгалт авах 50 байр байх бөгөөд одоогоор эдгээр шалгалтын байр мөн суудлын хуваарилалтыг тодорхой болгох ажил хийгдэж байна. Бүртгүүлэгчдийн хувьд шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг 5 дугаар сарын 15-аас хойш боловсролын үнэлгээний төвийн албан ёсны вэб сайтаас онлайнаар харах боломжтой юм. Түүнчлэн шалгалт өгөх сурагчид хариултын хуудасны загвартай сайтар танилцаж, энэ хуудсан дээрээ дадлага хийх хэрэгтэй гэдгийг үнэлгээний төвийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь шалгалтын даалгаврын хариугаа мэдэж байсан ч хуудсан дээрээ буруу бөглөсний улмаас машин автоматаар буруу унших тохиолдол гардаг байна.

Боловсролын үнэлгээний төвийн албан ёсны eec.mn вэб сайтад 2006 оноос хойшхи элсэлтийн ерөнхий шалгалтын бүхий л жишиг даалгавар файл хэлбэрээр байршсан байгаа. Тиймээс төгсөгчид маань өнгөрсөн жилүүдийн материалыг харж шалгалтдаа бэлдэх боломжтой. Мөн энэ оны шалгалтын блупринт буюу ерөнхий агуулгыг хичээл тус бүрээр нь мөн файл хэлбэрээр нь оруулсан байна. Төгсөгчид шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө байрандаа очсон байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Журмын дагуу дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. Шалгалтыг ил тод нээлттэй зохион байгуулахын тулд шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулсан байна.

Тиймээс шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Өөрөөр хэлбэл төгсөгч шалгалтын анги, танхимд зөвхөн үзгээ авч орохыг зөвшөөрөх юм. Элсэлтийн ерөнхий шалгалт улсын хэмжээнд 6 дугаар сарын 14нд монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. 6 дугаар сарын 15нд англи хэл, хими, монголын түүх хичээлүүдийн шалгалтыг авах бол 6 дугаар сарын 17 нд математик, газар зүй, биологи, монгол хэлний шалгалтыг улсын хэмжээнд нэгэн зэрэг авна. Харин 6 дугаар сарын 18нд нийгмийн тухай мэдлэг, орос хэл, физикийн хичээлийн шалгалтыг авах бөгөөд 7 дугаар сарын нэгний өдөр элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, онооны жагсаалтыг боловсролын үнэлгээний төвийн вэс сайтад байршуулах юм. Нэмж мэдээлэхэд, төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ хувийн мэдээллээ буруу оруулсан, эсвэл чанарын шаардлага хангаагүй цээж зураг оруулсан бол 5 дугаар сарын 15-аас өмнө мэдээллээ засах боломжтой юм байна.



















