Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эх орны үйлдвэрийн архины татварыг нэмэх нь зөв үү

Манай улс Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Япон улсын гарал үүсэлтэй архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийнхтэй ижил хэмжээгээр ногдуулах шаардлагыг тавьсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Эх орны үйлдвэрийн архины татварыг нэмэх нь зөв үү
Эх орны үйлдвэрийн архины татварыг нэмэх нь зөв үү. Зураг: МҮОНРТ

Манай улс Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Япон улсын гарал үүсэлтэй архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийнхтэй ижил хэмжээгээр ногдуулах шаардлагыг тавьсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Үүний дагуу Засгийн газраас Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэрийг энэ сарын эхээр гаргасан.

Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулсан. Тэбрээр, байнгын хороогоор хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийх явцад УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, импортын архины онцгой албан татварыг бууруулахгүйгээр, эх орны үйлдвэрийн архины онцгой албан татварыг нэмэгдүүлж, татварыг ижил тэнцүү болгох нь зүйтэй, мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг эх орны үйлдвэрийн болон импортын 25-40 хүртэл хатуулагтай бүх төрлийн цагаан архи, ликёр ба кордиалд ногдуулах онцгой албан татварыг 1 литр тутамд 8000 төгрөг, 40 ба түүнээс дээш хатуулагтай бүх төрлийн цагаан архи, ликёр ба кордиалд ногдуулах онцгой албан татварыг 17550 төгрөг, бүх төрлийн коньяк, виски, ром, джинд ногдуулах онцгой албан татварыг 19500 төгрөг болгох нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжээгүй. Тус байнгын хорооны гишүүдийн гаргасан дээрх саналуудад УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Л.Эрдэнэчимэг, Ц.Даваасүрэн нар цөөнх боллоо хэмээн танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас зарим тодруулгыг авав. Гишүүд, олон улсын хэлэлцээрт нийцүүлэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй боловч татвар нэмэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй талаар байр сууриа илэрхийлж байлаа. Ингээд санал хураах болоход байнгын хороо дэмжээгүй Д.Дэмбэрэл гишүүний зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүд хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэнээр дараагийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм. Мөн уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан Л.Эрдэнэчимэг гишүүний санал агуулгын хувьд давхардсан тул тэрээр саналаа татан авч буйгаа мэдэгдсэн.

Ийнхүү хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуваалцах