“Эх орон-36" хөтөлбөр эхэллээ
Хүүхэд залуусын хөгжлийн гол байр суурь нь эх оронч үзэл, аливаа эрсдлийг даван туулах чадвар, тэсвэр тэвчээр, хатуужил байдаг.
Мэдээллийн алба

Хүүхэд залуусын хөгжлийн гол байр суурь нь эх оронч үзэл, аливаа эрсдлийг даван туулах чадвар, тэсвэр тэвчээр, хатуужил байдаг. Сүүлийн үеийн хүүхдүүд ихэнх цагаа интернет, сошиал ертөнцөд өнгөрөөж байна. Иймд Баянгол дүүргийн Хүүхэд хөгжлийн төв ЕБС-ийн 10-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Эх орон-8” хөтөлбөрийг энэ сарын 12-нд амжилттай зохион байгууллаа.
“Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Эх орон 36” хөтөлбөр нь жилээс жилд хамрах хүрээгээ тэлсээр байна. Энэ удаагийн хөтөлбөрийг Баянгол дүүргийн ЕБС-иудын сурагчдад бие даасан байдал, оролцоонд нь тулгуурлан, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн төлөвшүүлэх, амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилготой “Эх орон-8” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.
Өнгөрсөн жил тус хөтөлбөрт нийслэлийн төвийн зургаан дүүргийн 2500 орчим хүүхэд хамрагдаж, эх орноо хайрлах, аливаа эрсдэлийг даван туулах тэсвэр тэвчээр, бие даах чадварт суралцсан бол өнгөрсөн жил 8000, явуулын сургалтаар 4000 гаруй, нийт 12000 орчим хүүхэд, өсвөр үеийнхнийг хамруулаад байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2015 онд Баянгол дүүргээс 5900 хүүхэд хамрагджээ. Уг хөтөлбөрт орон нутгийн хүүхдүүд олноор хамрагддаг болсон нь уг хөтөлбөр ямар үр дүнтэй явагдаж байгааг харуулж байна.
2016 оны “Эх орон-36” хөгжлийн хөтөлбөр “Эх Орон-8” хөтөлбөрөөр ийнхүү эхэлж байгаа бөгөөд цаашид “Эх орон-16”, “Эх орон-36” хөтөлбөрүүдээр үргэлжлэн шат дараалалтай зохион байгуулах болно.


















