Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эх орон -36” хөтөлбөрт 12 мянга орчим хүүхэд хамруулна

“Эх орон-36” хөтөлбөрийн "Үндэсний сургагч багш бэлтгэх" сургалт Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд өнгөрөгч бямба гарагт хаалтаа хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эх орон -36” хөтөлбөрт 12 мянга орчим хүүхэд хамруулна
“Эх орон -36” хөтөлбөрт 12 мянга орчим хүүхэд хамруулна. Зураг: МҮОНРТ

“Эх орон-36” хөтөлбөрийн "Үндэсний сургагч багш бэлтгэх" сургалт Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд өнгөрөгч бямба гарагт хаалтаа хийлээ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар санаачлан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хөтөлбөр жилээс жилд хүрээгээ хэлж, өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд энэ удаа Дархан-Уул, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Хэнтий, Орхон, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн БГД, СБД, БЗД-ийн нийт 250 гаруй төлөөлөл хамрагдаж, “Эх орон-36" хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх сургалтын арга зүйд суралцсан байна.

Монголын хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхэд зориулсан “Эх орон-36” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр өсвөр үеийн хүүхдүүдэд 36 төрлийн чадамжийг 36 цагийн сургалтаар заажээ.

Энэ жил “Эх орон -36” хөтөлбөрт 8000, явуулын сургалтаар 4000 гаруй нийт 12 мянга орчим хүүхэд, өсвөр үеийнхнийг хамруулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн жил тус хөтөлбөрт нийслэлийн төвийн зургаан дүүргийн 2500 орчим хүүхэд хамрагдаж, эх орноо хайрлах, аливаа эрсдэлийг даван туулах тэсвэр тэвчээр, бие даах чадварт суралцсан байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд гэхэд улсын хэмжээнд 10995 хүүхэд хамрагдсан байна.

Энэхүү хөтөлбөрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Олон Улсын хүүхдийн "Найрамдал" зуслан, Хил хамгаалах 151 дүгээр анги, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо, Онцгой байдлын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Замын цагдаагийн зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг байна.

Хуваалцах