Экспресс чиглэлийн автобус ирэх даваа гаригаас иргэдэд үйлчилж эхэлнэ
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэл хийлээ. Тус газраас Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” албан даалгаврын хүрээнд нийтийн тээвэрт дараах өөрчлөлтийг оруулсан байна.
Мэдээллийн алба

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, автобусны эргэлтийг богино болгох зорилгоор шинээр гурван экспресс чиглэл нээсэн талаар Нийтийн тээвэр үйлчилгээний газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. НТҮГ-ын дарга Х.Булгаа “Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот, “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулсан. Ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гурван чиглэлд богино эргэлтээр иргэдэд үйлчилнэ. Экспресс чиглэл нь зөвхөн НТҮГ-аас тогтоосон зогсоолуудад зогсоно. Ингэснээр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл 10-15 минут зарцуулах боломж бүрдэж байгаа” гэв.Экспресс автобус нь дараах чиглэлүүдэд үйлчилнэ.

Экпсресс 1 чиглэл: “5 шар-Зүүн зам”: тус чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр 5 шараас Зүүн 4 зам хүртэл үйлчлэх аж. Таван шар, Хархорин, Саппоро, 10-р хороолол, 25-р эмийн сан, Баруун 4 зам, Улсын ихдэлгүүр, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн 4 зам гэсэн 10 зогсоолд зогсох юм байна. Ингэснээр хамгийн их ачаалал авдаг зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг 15 минутаар багасгах юм байна.

Экспресс 2 чиглэл: “5 шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг”: Тус чиглэл нь 5 шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд 5 шар, 32-р байр, Саппоро, 10-р хороолол, 25-р эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд зогсч үйлчилнэ. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их зорчилт эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм байна. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасах аж.

Экспресс 3 чиглэл: “ЗУНЖИН-7 БУУДАЛ-АРД КИНОТЕАТР-ТЭЦ3”-Энэ нь босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлжээ. Долоон буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогсоолоос иргэд зорчих юм. Ингэснээр Чингисийн өргөн чөлөөний цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах тооцоо гарчээ. Нийт 10 минут орчим хугацааг зарцуулна.Үүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээнд Ч:30 “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”, Ч:70 “ТЭЦ3-Нарны гүүр– Бөмбөгөр – Ард кино театр” чиглэлийн өөрчлөлтүүд орсон байна. Мөн маргааш болох “Автомашингүй өдөр”-ийн үеэр иргэдэд троллейбус үйлчлэхгүй бөгөөд нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.
Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар


















