Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эквадор улсад 714 хүнийг баривчлан саатуулжээ

Эквадор улсад болж байгаа засгийн эсрэг тэмцлийн үеэр цагдаа нар, жагсагчдын дунд мөргөлдөөн гарч, 400 гаруй хүн эмнэлгийн тусламж авчээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эквадор улсад 714 хүнийг баривчлан саатуулжээ
Эквадор улсад 714 хүнийг баривчлан саатуулжээ. Зураг: МҮОНРТ

Эквадор улсад болж байгаа засгийн эсрэг тэмцлийн үеэр цагдаа нар, жагсагчдын дунд мөргөлдөөн гарч, 400 гаруй хүн эмнэлгийн тусламж авчээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 86 нь цагдаагийн ажилтан гэж Эквадорын Дотоод хэргийн сайд Мария Паула Ромо лхагва гарагт мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар мөргөлдөөний үеэр амиа алдсан хүн байхгүй гэдгийг дуулгасан юм. Мөн эсэргүүцлийн явцад 714 хүнийг баривчлан саатуулжээ.

Эсэргүүцэгчид газрын тосны хэд хэдэн ордыг эзлэн авсны улмаас “Транс Эквадорын газрын тос дамжуулах систем”-ийн үйл ажиллагааг зогсоосон тухай Эрчим хүч, сэргээгдэх бус нөөцийн яамнаас мэдээлсэн байна.

Газрын тосны олборлолт энгийн үеэс 30 хувиар буурсантай холбогдуулан одоогийн байдлаар 12.8 сая ам.долларын хохирол учраад байна гэж мэдээлжээ.

Түүнчлэн Эквадорын Портовьехо хотод эсэргүүцлийн арга хэмжээний үеэр хэдэн арван хоригдол шоронгоос оргосон байна. Цагдаа нар 50 гаруй хоригдлыг барьж авчээ. Одоо оргосон гэмт хэрэгтнүүд байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж байна гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.

Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено энэ сарын 3-наас дизель түлш, шатахууны хөнгөлөлтийг цуцлах шийдвэр гаргасны дараа тус улсад түлшний үнэ 120 гаруй хувиар өссөн юм. Ингээд улс орон даяар эсэргүүцэл өрнөж, зарим хотод эмх замбараагүй байдал дэгдсэн байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан Ленин Морено улс орондоо онц байдал зарласнаас гадна боловсролын бүх байгууллагыг тодорхойгүй хугацаагаар хааж, парламентын үйл ажиллагааг зогсоожээ.

Хуваалцах