Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элчин сайд сайн үйлсийн төлөө нэгдэв

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Халимагын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Алексей Орлов нар хувиасаа хандив өргөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд сайн үйлсийн төлөө нэгдэв
Элчин сайд сайн үйлсийн төлөө нэгдэв. Зураг: МҮОНРТ

XVI-XX зууны үеийн халимагийн буддын шашны эд өлгийн зүйлсийг буцаан худалдаж авах хандив цуглуулах зорилгоор байгуулсан “Наследие” хандивын санд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Халимагын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Алексей Орлов нар хувиасаа хандив өргөжээ. Шашны эд өлгийн зүйлийг цуглуулах ажил 1950-60-аад онд Ленинградын сайхан сэтгэлт цуглуулагчдын буянд эхэлсэн түүхтэй гэнэ. Дараагийн 10 жилд энэ цуглуулга улам арвижсан бөгөөд 1999 онд эх оронд нь авчирч үзүүлэхэд хэдэн арван мянган халимагчууд түүнийг үзэж танилцжээ. Халимагийн ард түмнийг хүчээр тараан суурьшуулж байсан тэр хүнд хэцүү жилүүдэд алга болсон гэр бүлийнхээ эд өлгийн зүйлсийг олон халимагчууд тэнд олж үзэж чаджээ. Элчин сайд Ш.Алтангэрэл “Монгол, халимагчууд ах дүү ард түмэн бөгөөд бид зөвхөн үндэс угсаа нэг байгаад зогсохгүй хэдэн зуун жилийн турш нэг шашин шүтсээр ирсэн билээ. Шашны эд өлгийн зүйлээ буцаах нь халимагчуудад ямар чухал гэдгийг бид ойлгож байна. Манай ард түмэн ч гэсэн өөрийн буруугаас бус маш олон эд өлгийн зүйлээ алдсан юм. Бид халимагчуудад тусалснаараа хэзээ нэгэн цагт өөрсдийнхөө алдагдсан эд өлгийн зүйлээ эх оронд нь эргүүлэн аваачна гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.

Мөн “Монгол Улстай бид олон жилийн сайн хөршийн харилцаа холбоотой билээ. Энэ бол зөвхөн улс төр, эдийн засаг, соёлын харилцаа биш, үүнээс ч илүү харилцаа юм. Бид ижилхэн ааш араншинтай, ижилхэн соёл уламжлалтай, эцсийн эцэст нэг түүхтэй улс юм. Үүнийг анхаарахгүй байхын аргагүй, энэ л бидний ах дүүгийн барилдагын үндэс суурь нь болж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх, Халимагийн Бүгд Найрамдах Улсын байнгын төлөөлөгч, тус Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч Ш.Ильясов онцлосон байна.

Хуваалцах