Элэгний С вирусыг устгах “Хэпсинат” эмийг маргаашнаас худалдаална
С вирусын эсрэг эм “Харвони”-той ерөнхий нэршлийн эм болох “Хэпсинат” эмийг нэг хайрцгийг нь 150 ам.доллараар оруулж, маргаашнаас худалдаалахаар боллоо.
Мэдээллийн алба

С вирусын эсрэг эм “Харвони”-той ерөнхий нэршлийн эм болох “Хэпсинат” эмийг нэг хайрцгийг нь 150 ам.доллараар оруулж, маргаашнаас худалдаалахаар боллоо. Энэ талаар өнөөдөр “Омбол” компани болон Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвөөс мэдэгдсэн юм. “Хэпсинат” эм нь “Харвони”-той ижил үйлчилгээтэй, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, 98 хувийн үр дүнтэй гэж тайлбарлалаа. Уг эмийг хамгийн чанартай, боломжит хувилбар гэж судалсны дүнд Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлэхээр болжээ. Ингээд маргаашнаас “Харвони” эмийг худалдаалж буй нэр бүхий эмийн сангуудаар борлуулах юм байна. Мөн "Найман шарга" төвийн дэргэдэх “Капитал төв”-д байрлах Элэгний төвөөр худалдаалах аж.
Тус эмийг “Харвони”-той адил эмчийн жороор 3-6 хайрцаг уух ёстой. Харин зургаан сар уух шаардлагатай иргэдэд зургаа дахь хайрцгийг үнэ төлбөргүй олгохоор зохицуулжээ. Учир нь зургаан сар уух шаардлагатай иргэдийн хувьд олон шинжилгээ өгч, эм авах тусам санхүүгийн хүндрэлтэй тулдаг тул ийм зохицуулалт хийсэн байна.

Ер нь “Харвони”-оос гадна ерөнхий нэршлийн дөрвөн эм байдаг аж. Харин Монгол Улс хоёр эмийг оруулж ирээд буй нь энэ юм. Тухайлбал, “Ледвир” эмийг оруулсан. Энэ удаад “Хэпсинат” эмийг иргэддээ хүргэхээр болжээ.
Тус эмийг зарж борлуулах эмийн сангийн жагсаалттай ЭНДЭЭС танилцаж болно.


















