Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, хэлтсийн дарга Л.Ганбат нар хэвлэлийн бага хурал хийлээ.
Мэдээллийн алба

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, хэлтсийн дарга Л.Ганбат нар хэвлэлийн бага хурал хийлээ.
Монгол хэл, бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний орой 18:00 цагт дуусна. Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана.
Шалгуулагчид шалгалтад бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
• Цахим үнэмлэх
• Чээж зураг
• Интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон paycode буюу БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл
• И-мэйл хаяг (Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ)
Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч бүртгүүлэхдээ онлайн бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа БҮТ-д ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалтыг тусгайлан бэлтгэсэн тоног төхөөрөмжтэй өрөөнд авна.
Бүртгүүлэгч өөрийн хувийн мэдээлэл, регистрийн дугаараа алдаатай тохиолдолд сургуулийнхаа сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУЯ-ны www.esis.mn (Боловсролын салбарын мэдээллийн систем)-д засуулах шаардлагатай.
ЭЕШ-ын бүртгэлийн хураамж шалгалт бүр 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “Шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.
Шалгалтад орохдоо шалгуулагчид:
• Бүртгэлийн хуудас
• Суудлын хувиар
• Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
• Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг зэргийг бүрдүүлнэ.
МХБ-ийн шалгалтыг өмнөх жил хоёр удаа авч босго оноо тогтоодог байсан бол энэ жил нэг удаа шалгалт авч, босго оноогүй болгосон байна. МХБ-ийн шалгалтыг шалгуулагч бүр заавал өгөх ёстой бөгөөд шалгалтыг тест, эсээ бичлэгээр авах юм байна. МХБ-ийн шалгалтыг өгснөөр ЭЕШ өгөх эрхтэй болно.

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат "Өмнөх хоёр жил туршилтын шугамаар авч байсан монгол хэл, англи хэл, орос хэл гэсэн хичээлүүд дээр сурагчдын сонсоод ойлгох чадварыг үнэлэх даалгаврыг үндсэн оноонд нөлөөлөх байдлаар оруулж өгч байна. Ингэснээр шалгуулагчдыг үнэн бодитой зөв үнэлэхэд дөхөм болно. Шалгалтыг Улаанбаатар хотод 28, хөдөө орон нутагт 22 шалгалтын байранд авна. Шалгалтын байруудыг хяналтын камер буюу дуран, сүлжээ сарниулагч төхөөрөмж, гар утас болон бусад төхөөрөмжүүдийг нэвтрүүлэхгүй байх үүднээс металл илрүүлэгч багаж, сонсох хичээлүүдэд зориулан нэгэн зэрэг сонсох зориулалттай сонсгох төхөөрөмж зэргээр хангаж хяналт тавьж ажиллана" гэлээ.
Нэг шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтад орох батламжаас гадна ЭЕШ-ын батламж бас өгөх юм. Өөрөөр хэлбэл, нэг шалгуулагчид хоёр батламж олгона. Батламжийн хүчинтэй хугацаа 2.5 жил байна. Хоёр батламж хамтдаа байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болох юм.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ "Манай мэргэжилтнүүд нийслэлийн бүх дүүргийн ЕБС болон орон нутгийн зарим ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж шалгалтад бүртгүүлэхдээ бүрдүүлэх болон анхаарах зүйлүүдийн талаар зөвлөмжүүд өгөх ажлыг зохион байгуулж байна. Мөн ЭЕШ нь улс орон даяар явагддаг томоохон шалгалт учраас иргэдийн хардалт сэрдэлт их үүсдэг. Үүнтэй холбогдуулан ЭЕШ-ын бүх процесс дээр нь бид ЦЕГ-ын тусгай хамгаалалтын алба болон ТЕГ-ын тусгай шуудангийн алба зэрэг байгууллагуудын хяналт оролцоог улам бүр нэмэгдүүлж ажиллуулахаар холбогдох байгууллагуудад хүсэлтээ илгээгээд байна” гэв.

Мөн ЭЕШ-ын үеэр зохион байгуулалттайгаар хуурамч мэдээллийг олон нийтэд тараасан, иргэдийн сэтгэл санааг буруу чигт хандуулсан, янз бүрийн хууль бус үйлдэл гаргасан иргэд шалгуулагчдыг хууль дүрмийн дагуу холбогдох байгууллагуудад шилжүүлж арга хэмжээ авах хариуцлагыг өндөржүүлэхээр журамд өөрчлөлт оруулжээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа товлогдож гараагүй ч өнгөрсөн жилүүдийн жишгийг дагаж зургаадугаар сарын дунд 10 хоногт авна.
ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны долоодугаар сарын 1-ний 09:00 цагаас өмнө www.eec.mn сайтад нийтлэн нийтэд зарлах юм байна. Харин шалгалтын зөв хариуг шалгалт дууссанаас хойш долоо хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх аж.
Л.Сайнбаяр


















