Эмч нарыг гэм буруутайд тооцлоо
Нийслэлийн гуравдугаар амаржих газарт 2011 оны есдүгээр сарын 8-ны өдөр иргэн Э.Хонгорзулд кесарев хагалгаа хийлгэж төрүүлэх үедээ эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Оюунгэрэл, эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Батзаяа, сувилагч Д.Ганчимэг нар түүний хэвлийн хөндийд марль үлдээснээс хохирогчийн биед хүндрэл
Мэдээллийн алба

Нийслэлийн гуравдугаар амаржих газарт 2011 оны есдүгээр сарын 8-ны өдөр иргэн Э.Хонгорзулд кесарев хагалгаа хийлгэж төрүүлэх үедээ эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Оюунгэрэл, эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Батзаяа, сувилагч Д.Ганчимэг нар түүний хэвлийн хөндийд марль үлдээснээс хохирогчийн биед хүндрэл өгч 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд хагалгаа хийлгэж гэдсээ тайруулсан байна.
Түүний биед ийнхүү хүнд гэмтэл учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, дүүргийн нэгдүгээр прокурорын газраас энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр Ц.Оюунгэрэл, Д.Батзаяа, Д.Ганчимэг нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Дээрх хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх энэ сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Ц.Оюунгэрэл, Д.Батзаяа, Д.Ганчимэг нарыг гэм буруутайд тооцож, тэдний эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж нэг жил, зургаан сар хорих ял оногдуулсан байна. Түүнчлэн уг оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж нэг жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.


















