Эмэгтэй хүний хөдөлмөрийн онцлог
Хөдөлмөрийн харилцаанд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг тусгайлан авч үзсэнээр тэдний хөдөлмөрийн нөхцөл, эрхэлж болох ажил алба, зарим хязгаарлалт болон нэмэгдэл баталгааг мэдэж болно.
Мэдээллийн алба

Хөдөлмөрийн харилцаанд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг тусгайлан авч үзсэнээр тэдний хөдөлмөрийн нөхцөл, эрхэлж болох ажил алба, зарим хязгаарлалт болон нэмэгдэл баталгааг мэдэж болно.
Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага нэмж олгох
Амрах, хооллох, нийтийн завсарлагаанаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан зургаан сар хүртэлх насны хүүхэдтэй буюу нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд хоёр цагийн, зургаан сараас нэг хүртэлх насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага нэмж олгоно. Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажилласан цагт оруулан тооцно.
Жирэмсний болон амаржсаны амралт
- Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно.
- Хүүхдээ 196 ба түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан
- 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүнд жирэмсний болон амаржсаны амралт олгоно.
- Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан эмэгтэй хүнд өвчний учир чөлөөлөх ердийн журмыг баримтлан ажлаас чөлөө олгоно.
Нярай хүүхэд үрчлэн авсан ажилтанд чөлөө олгох
- Нярай хүүхэд үрчлэн авсан эхэд амаржсан эхийн нэг адил 60 хоногийн чөлөө олгоно. Энэ нь нярай хүүхэдтэй ганц бие эцэгт нэгэн адил хамаарна.
Хүүхэд асрах чөлөө олгох
- Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно.
- Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.
Ажлаас халах
Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг:
• Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;
• Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан;
• Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
• Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажлаас хална.
- Бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон байдаг.
Шөнийн буюу илүү цагаар, албан томилолтоор ажиллуулахыг хориглох тохиолдол
- Жирэмсэн эмэгтэй;
- Найм хүртэлх насны хүүхэдтэй эх;
- 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.
Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах буюу өөр ажилд шилжүүлэх
- Хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй хүний ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно.


















