Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэй тамирчдыг дэмжих олон улсын бизнес хөтөлбөрт О.Хулан хамрагдана

“Ernst and Young” олон улсын аудитын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй эмэгтэй тамирчдыг дэмжих “Women athletes business network” хөтөлбөрт 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, “Токио-2020” олимпын Монголын багийн тугч Онолбаатарын Хулан хамрагдахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэй тамирчдыг дэмжих олон улсын бизнес хөтөлбөрт О.Хулан хамрагдана
Эмэгтэй тамирчдыг дэмжих олон улсын бизнес хөтөлбөрт О.Хулан хамрагдана. Зураг: МҮОНРТ

“Ernst and Young” олон улсын аудитын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй эмэгтэй тамирчдыг дэмжих “Women athletes business network” хөтөлбөрт 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, “Токио-2020” олимпын Монголын багийн тугч Онолбаатарын Хулан хамрагдахаар боллоо.

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Б.Баттүшиг "Ernst and Young“ байгууллагатай холбогдсоны үндсэн дээр "Токио-2020” олимпын наадамд оролцсон эмэгтэй тамирчдад энэ мэдээлэл, боломжийг танилцуулсан бөгөөд хөтөлбөрт О.Хулан тэнцсэн байна.

Энэхүү хөтөлбөр нь 2022 оны 1-11 дүгээр сар хүртэл 10 сарын турш үргэлжлэх бөгөөд тамирчид спортын замналаа өндөрлүүлсний дараа бизнесийн салбарт амжилттай хөл тавихад туслах зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд тухайн тамирчны бизнесийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, энэ салбарын нэр алдартай хүмүүсийн хүрээлэлд орох үүд хаалгыг нээх, цаашдын карьераа төлөвлөх, амьдрал дээр тулгарах аливаа асуудлыг шийдвэрлэхэд туслах зэрэг олон төрлийн сургалт, хичээлд хамрагдана.

Улмаар хөтөлбөрт хамрагдсан тамирчид гуравдугаар сард АНУ дахь Nike компанийн байранд зочилж, эмэгтэй тамирчдын бизнесийн сүлжээ уулзалтад оролцох юм.

О.Хулангийн хувьд Австралид суралцаж байсан, англи хэлний өндөр мэдлэгтэй нь энэхүү хөтөлбөрт тэнцэхэд нөлөөлжээ. МҮОХ-ны зүгээс эмэгтэй тамирчдаа тус хөтөлбөрт тогтмол хамруулахыг зорьж байна гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Хуваалцах