Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаарх алдаатай таван бодол
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны сэдэв хөндөгдөх бүрт тэдэнд саад тотгор болдог хамгийн түгээмэл дараах таван алдаатай бодлыг хэлэлцэн үнэхээр үнэн үү, эсвэл өрөөсгөл ойлголт уу гэдгийг харцгаая.
Мэдээллийн алба

Эмэгтэйчүүд улс төрийн карьераа ахиулахад нийгмийн зүгээс тулгардаг гол бэрхшээлийн нэг яах аргагүй тэдний талаарх хэвшмэл, алдаатай бодол ойлголт юм.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны сэдэв хөндөгдөх бүрт тэдэнд саад тотгор болдог хамгийн түгээмэл дараах таван алдаатай бодлыг хэлэлцэн үнэхээр үнэн үү, эсвэл өрөөсгөл ойлголт уу гэдгийг харцгаая.
Нэг. “Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй”
Монгол Улсад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийг тодорхойлох 2022 оны судалгааны дүнгээс үзвэл эмэгтэйчүүдийг төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох түвшинд ажиллаж чадна гэдэгт судалгаанд оролцогчдын олонх буюу 80 гаруй хувь нь итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн эмэгтэйчүүдийн 57.5 хувь нь эмэгтэй хүнийг дэмжих хандлагатай байна. Судалгаанд оролцсон эмэгтэй улстөрчдийн үзэж байгаагаар аймаг, нийслэлийн ИТХ, сум, дүүргийн ИТХ, баг, хорооны ИНХ-д нэр дэвшихэд олон нийтийн зүгээс дэмжлэг өндөр буюу 74.3-78.9 хувьтай байна. Эмэгтэй улстөрчийн сонгуулийн хандивын дийлэнхийг эмэгтэйчүүд өгдгийг судалгаанд оролцогч эмэгтэй улстөрчид мэдээлжээ.
*“Монгол Улсад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийг тодорхойлох судалгаа”, 2022 он
Хоёр. “Эмэгтэй улстөрчдийг дэмжлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй”
Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхийн хэрээр бусад эмэгтэйчүүд улс төр сонирхож, сонгуулийн идэвх сэргэхээс гадна улс төрийн үйл ажиллагаанд намын гишүүн, бие даагчийн хувиар оролцох сонирхол ч бий болдог. Эмэгтэй хүн улс төрийн удирдах албан тушаалд ажиллах нь аль ч хүйсийн сонгогчдод эергээр нөлөөлдөг тул эмэгтэйчүүдийн улс төрийн чадварт эргэлзсэн жендэрийн хэвшмэл хандлагыг өөрчлөх хүчин зүйл болно. Улс төрийн албан тушаалд эмэгтэйчүүдийг олноор сонгосноор ардчилал бэхжих, олон нийт иргэний үүргээ биелүүлэн идэвх оролцоо нь дээшлэх сайн талтай.

Гурав. “Заавал эмэгтэй улстөрчийг дэмжих шаардлагагүй”
Олон улсын парламентын холбооноос 49 парламентын гишүүдийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын 90-ээс илүү хувь нь эрэгтэйчүүд зонхилдог батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, бизнесийн салбарын бодлогод ч гэсэн эмэгтэйчүүд шинэ үзэл, хандлага оруулж, улс төрийг өөр санаа бодол, авьяас чадвараар баяжуулдаг гэдэгтэй санал нийлсэн байна*. Энх тайван, эв нэгдлийг бий болгох, зөрчилдөөнөөс сэргийлэх, зөрчилдөөний дараах сэргээн босголт, энх тайвныг тогтоох үйлсэд эмэгтэйчүүд зөрчилдөөнөөс сэргийлэх, зохицуулах, шийдвэрлэх шинэ санаа оруулж ирдэг. Эмэгтэйчүүд улс төрийн албанд сонгогдон ажилласнаар намынхаа урьд өмнө анзаарч хараагүй бодлогын чухал асуудлыг онцлон, шинэ сонгогчдыг татаж, дэмжлэг авах замаар дараагийн сонгуульд илүү үр дүнтэй өрсөлдөх боломж бий болгодог.
Гэвч Монгол Улсын сүүлийн дөрвөн удаагийн сонгуулиар орон нутгийн тойрогт нэр дэвшигчдийн 18 хувь нь л эмэгтэйчүүд байгаа бол, Улаанбаатар хотын тойргуудад нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна. Ийнхүү хуульд заасан квотыг хангаж байгаа ч орон нутгийн тойргуудад УИХ-д нэр дэвшигч эмэгтэйчүүд 20 хувьд хүрэхгүй байна.
Дөрөв. “Эмэгтэй улстөрчид бэлгэдэл төдий. Тэд яг ажил хийдэггүй шүү дээ”
“Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” судалгааны тайлангаас үзвэл 2021 оны байдлаар Төрийн албан хаагчдын дийлэнх буюу 61,65 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэгвэл улс төрийн албан тушаалд ажиллаж буй нийт албан хаагчдын 23.9 хувь, төрийн захиргааны тэргүүн түшмэлийн албан тушаалд ажиллаж буй нийт албан хаагчдын 25.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Монгол Улсад орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагад шат ахих тусам эмэгтэйчүүдийн төлөөлөл багасжээ. Үүнээс үзвэл эмэгтэйчүүд төрийн албанд зонхилон ажилладаг ч дээд албан тушаалд сонгогдон ажиллах боломж бололцоо дутагдаж байна.
“Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага”, 2021 он
Тав. “Эмэгтэйчүүд улс төрд орвол ар гэрийн амьдрал хэцүүднэ”
Энэхүү алдаатай ойлголт олон улсад ч түгээмэл байна. Олон улсын хэвлэл мэдээллээр цацагдаж буй мэдээллийн 68 хувьд нь эмэгтэйчүүдийг “ээж”, “гэрийн эзэгтэй” гэх тодотголтойгоор дүрсэлжээ.*
Монгол Улсын хувьд ч “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” судалгаанд оролцогчдын 43.1 хувь нь “Гэрийн ажил буюу хоол хийх, хүүхэд асрах, хүмүүжүүлэхийг эмэгтэйчүүд хариуцах нь зүйтэй” гэж хариулсан байна. Мөн эрчүүдийг манлайлагч болно гэдэгт 43.5 хувь нь бүрэн итгэлтэй байсан бол эмэгтэй ажилтныг манлайлагч байж чадна гэдэгт 27.7 хувь л бүрэн итгэжээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдэд хүлээлгэх итгэл эрчүүдэд үзүүлж байгаагаас бараг хоёр дахин бага байна.
Эмэгтэйчүүд улс төрийн ажил эрхлээд ар гэрээ ардаа хайхралгүй орхидог бус ажлын цагаараа ажлаа хийдэг, гэр бүлийн гишүүд ар гэрийн ажлаа ижил тэнцүү хийдэг байх нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны суурь нөхцөл юм.
*“Монгол Улсад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийг тодорхойлох судалгаа”, 2022 он



















