Эмгэнэл
Монгол Улсын Гавьяат жүжигчин, тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн, Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлч, Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч Надмидын Мягмар
Мэдээллийн алба

Монгол Улсын Гавьяат жүжигчин, тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн, Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлч, Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч Надмидын Мягмар 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, соёл, урлагийн салбарт хүнд гарз тохиолоо.
Тэрбээр Монголын анхны дээд боловсролтой драмын жүжигчдийн нэг байсан бөгөөд 1963 оноос Хүүхэд залуучуудын театрт жүжигчин, 1987 оноос Соёлын яамны шийдвэрээр Улсын Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид тайзны ярианы багш, 1990 оноос Соёл урлагийн их сургуулийн Тайз дэлгэцээс ярих урлагийн тэнхимийн багш, зөвлөх багшаар ажиллаж байлаа.
Н.Мягмар нь 1963-1987 онд Хүүхэд залуучуудын театрт ажиллахдаа Н.Дугарсанжаа, С.Гэндэн нарын “Ялалтын жигүүр” жүжгийн Ханд, Д.Намдагийн “Хярааны хонхорт” жүжгийн Наташа, А.Линдгрений “Карлсон жаалхүү хоёр” жүжгийн Сванте Свантесон, А.Арбузовын “Таня” жүжгийн Таня зэрэг дотоод, гадаадын 60 гаруй жүжигт гол болон туслах дүрийг чадамгай бүтээж, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудын хөгжилд дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан хүүхдийн болон драмын жүжгийн нэрт мастер байсан юм.
Н.Мягмар нь “Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаа, “Бэрүүд” киноны Эмээ зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн олон арван дүрийг бүтээсэн кино урлагийн нэрт мастер байсны зэрэгцээ “Сэгс цагаан богд”, “Бөмбөл Эрдэнэ”, “Гэргийн зүрхний бичлэг”, Иржи Марьяагийн “Эх” зэрэг найраглалуудыг амьдруулсан (бүтээл нь Монголын радиогийн алтан фондод хадгалагдан үлдсэн) Монголын урлагийн нэрт зүтгэлтэн, тод гэрэлтэх нэгэн байсан юм.
Монголын соёл, урлагийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Боловсролын тэргүүний ажилтан” цолоор тус тус шагнажээ. Тэрбээр Соёлын яамны “Шилдэг дүр”-ийн шагнал, СУИС-ийн “Хүндэт профессор”, “Хүндэт Муза” шагналыг хүртэж байжээ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Надмидын Мягмарын эх орондоо хайртай, хүнлэг эрхэм чанар, залуу үедээ зориулсан чин үнэнч сэтгэл, цовоо сэргэлэн дуу хоолой, эрхэмсэг намба төрх нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.
Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ,
Ж.МӨНХБАТ, Э.БАТ-АМГАЛАН, Х.БУЛГАНТУЯА, Ж.ЧИНБҮРЭН,
С.ЧУЛУУН, Р.ДАГВА, Ж.БАТБАЯСГАЛАН


















