Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмгэнэл

МҮОНТ-ийн найруулагч, бидний уран бүтээлийн эрхэм анд Х.Адьяахүү хүнд өвчний улмаас 2014 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр таалал төгсөж, ах дүү амраг садан, хамт олон биднийгээ үүрд орхин одлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Эмгэнэл
Эмгэнэл. Зураг: МҮОНРТ

МҮОНТ-ийн найруулагч, бидний уран бүтээлийн эрхэм анд Х.Адьяахүү хүнд өвчний улмаас 2014 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр таалал төгсөж, ах дүү амраг садан, хамт олон биднийгээ үүрд орхин одлоо.

Х.Адьяахүү 1977 оны тавдугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Ховд сумын нутагт Хүүхээгийн отгон хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг, эхийн гар дээр хүмүүжиж, 1985-1995 онд Увс аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын II сургуульд суралцаж, 1996-1997 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албыг дэд, түрүүч цолтой хааж, 1997 онд Монгол телевизийн “Гурвалжин” студид туслах найруулагчаар ажиллаж байгаад 1999 онд Радио Телевизийн Дээд Сургуульд найруулагчийн ангид элсэн суралцаж 2001 ондтөгсөөд МҮОНТ-ийн “Чандмань” студи, МҮОНТ-ийн Спорт, Эрүүл мэндийн редакц, Уран бүтээлийн IV нэгдэлд Спортын багийн найруулагчаар ажиллаж байлаа. Тэрээр МҮОНТ-тэй ажил, амьдралын гараагаа холбосон цагаасаа эхэлж “Ая дууны мэнд”, “Ням гарагийн зочин”, "Дурсгалтай дэлгэц”, “Бага үдийн хөтөлбөр”, “Өдөр тутмын спортын мэдээ”, “Спорт таны амралтанд”, “Топ спорт”, “Адуучин”, Манлайн баясгалан”, “Эрийн хийморь”, “Наадмын өнгө”, “Мөсний наадаан”, “Медалиар чимсэн гацуур” зэрэг нэвтрүүлгүүд, Үндэсний баяр наадам, үндэсний бөхийн барилдаануудыг орон даяар шууд дамжуулан үзүүлэхэд гардан оролцож, их ажлын ачааг таталцаж ирсэн билээ.

2004 онд “Tour of Chinaдугуйн олон улсын уралдаан, 2005 онд Сочи хотноо болсон өсвөрийн боксчдын тэмцээн, 2007 онд Хонгконгт зохиогдсон Зүү Азийн наадмын эрх авах ёслол, 2008 онд зуны олимпийн наадмуудыг сурвалжилж, 2002, 2006, 2010, 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2004, 2006, 2010, 2012, 2014 оны өвлийн олимпийн наадмууд, Японы мэргэжлийн сумо бөх болон Монгол Улсад зохион байгуулагдсан тив, дэлхийн тэмцээнүүдийг шууд дамжуулахад ажиллаж байсан юм.

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, БТОГ-ын “Спортын алдар”, МЗХ-ын “Тэргүүний залуу” алтан медаль, МҮОХ-ны “Олимпийн алдар” медаль, Радио Телевизийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнан урамшуулж байлаа.

Х.Адьяахүү ажилдаа чин сэтгэлээсээ хандахын зэрэгцээ хамт олон биднийхээ хайр хүндэтгэлийг хүлээж бусдынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлийн толь болсон эрхэм журмын анд минь байлаа.

Эрхэм андынхаа хийж бүтээж амжаагүй үйлсийг тань бид үргэлжлүүлэн бадрааж, чинийхээ гэгээн дүр, сайхан сэтгэл бүхнийг тань мөнхөд дурсаж явах болно.

МҮОНТ-ИЙН ХАМТ ОЛОН
СПОРТЫН НЭВТРҮҮЛГИЙН ХАМТ ОЛОН

Хуваалцах