Эмгэнэл
Монголын радиогийн нэрт сэтгүүлч Барсын Туяа 2015 оны долоодугаар сарын 14-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.
Мэдээллийн алба

Монголын радиогийн нэрт сэтгүүлч Барсын Туяа 2015 оны долоодугаар сарын 14-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.
Б.Туяа нь 1942 онд Улаанбаатар хотод Д.Барсын ууган охин болж төрөн, бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж, 1960 онд 10-н жилийн 2 дугаар дунд сургууль, 1964 онд МУИС-ийн сэтгүлчийн анхны ангийг төгсчээ. Тэрбээр 1964 оноос Монголын Үндэсний Радиогийн "Ургацийн далай" нэвтрүүлгийн анхны сурвалжлагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, Сургууль-хүүхдийн нэгдсэн редакцид тасралтгүй 40 гаруй жил ажилласан. "Хүүхдийн" гэсэн тодотголтой нэр сэтгүүлч Б.Туяагийн эрхлэн бэлтгэж байсан "Өглөөний мэнд" нэвтрүүлэг нь үе үеийн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг илэрхийлсэн, агуулга хэлбэрийн хувьд баялаг, өвөрмөгц хийц хэлбэрийн бүтээл шавь, хойч үд нь уламжлагдсаар байна. Түүний "Таамаа, Оньсогхон хоёр", "Гаанаа хүү, Шарга даага хоёр" нэвтрүүлгүүд нь өнөөдрийн "Цэцэн үг цээжинд", "Цээж бичиг", "Радио цэцэрлэг" зэрэг нэвтрүүлгийн эхлэл болсон билээ.
Б.Туяагийн хөдөлмөр зүтгэл, авъяас чадварыг Монголын төр засаг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн медалиуд, Хэвлэл мэдээллийн, Ардын боловсролын, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан цол тэмдгүүд, "Хүүхдийн төлөө" алтан медаль, Хүүхдийн байгууллагын 80 жилийн ойн медаль, "Алдарт эх- I, II" одон, Төрийн дээд шагнал "Алтан гадас" одон, "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор тус тус шагнажээ.
Түүний оюунлаг, энэрэнгүй үнэнч шударга, эгэл даруу, нөхөрсөг, зарчимч, эрхэм нандин зан чанар, гэгээн дүр нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
МҮОНРТ-ийн хамт олон


















