Энэ 7 хоногт MNB.MN онцлож байна
Үйл явдал, шинэ соргог мэдээ, мэдээллээр дүүрэн нэгэн 7 хоног өнгөрч байна. Энэхүү 7 хоногт улстөр, нийгмийн амьдралд чухаг хэмээн дараах үйл явдлуудыг онцлон тоймлож хүргэе.
Мэдээллийн алба

Үйл явдал, шинэ соргог мэдээ, мэдээллээр дүүрэн нэгэн 7 хоног өнгөрч байна. Энэхүү 7 хоногт улстөр, нийгмийн амьдралд чухаг хэмээн дараах үйл явдлуудыг онцлон тоймлож хүргэе.
Монголчууд бид ази тивийн спортын ертөнцөд хүчирхэг өрсөлдөгчид мөн гэдгээ дахин харуулсан долоо хоног байлаа. БНСУ-ын Инчён хотод зохиогдож буй Азийн зуны спортын XVII наадмаас Монголын баг тамирчид 5 алт, 4 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар 45 улсаас 15 дугаар байрт бичигдэж байна. Өнгөрөгч баасан гарагт боксын 60 кг-ын жинд тулалдаж буй Д.Отгондалай Филлипиний тамирчинтай хүч үзэн, өрсөлдөгчөө буулган авсанаар алтан медалийн тоог нэгээр нэмээд байгаа билээ. Одоогоор монголын төрийн дуулал таван удаа эгшиглэж, алтан соёмбот төрийн далбаа маань 20 удаа өргөгдөөд байгаа юм.
Аравдугаар сарын эхний өдөр Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хуралдаан нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар нийт 26 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох асуудлыг шийднэ хэмээх хүлээлт нийгэмд буй. Харин албан ёсоор төлөвлөгдөөд буй асуудлаас Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, Гэмт хэргийн тухай хуулийн төсөл зэрэг асуудал буй аж. УИХ-ын дарга З.Энхболд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ энэ мэт чухал хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах тухай дурдаад “..Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудал нийгэмд хүлээлт үүсгээд буй. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэх нь засгийн ажлыг цалгардуулахгүй байх чухал ач холбогдолтой..” хэмээн онцолсон байна. Чуулганы нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцсон юм. УИХ-ын намрын чуулганы хуралдааны үйл явцыг бид цаг тухай бүрт нь мэдээлж байх болно.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хороо, Хуримын ордны урд, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хойно барьж буй “Шангрилла Улаанбаатар” зочид буудлын барилга өнгөрөгч мягмар гарагт 13.00 цагийн орчимд шатлаа. Онцгой байдлын зургаан машин, 40 гал сөнөөгч шуурхай ажиллаж, галыг 15.00 цагт бүрэн унтраасан юм. Тэд “Барилгын гаднах фасад нь шатсан. Одоогийн байдлаар гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэснээс өөр мэдээлэл өгөөгүй. Гал ойролцоогоор 10 дугаар давхраас гарсан гэнэ. Эхэндээ дотроос нь утаа уугьж байгаад аажмаар цонх нь халан хагарч, гал гадагш тархжээ. Гадаа салхигүй тогтуун байсан ч гал хурдан тархаж, дээврээр дамжин нөгөө хэсэгтээ хүрсэн байна. Нийслэлд тэнгэр багандсан өндөр барилгууд шил шилээ даран сүндэрлэх болсон өнөө цагт энэхүү гал нь Онцгой байдлынханд сүүлийн үеийн гал унтраах тоног төхөөрм, нисдэг тэрэг зэрэг зүйлс нэн чухал болохыг харуулсан үйл явдал боллоо. 12-оос дээших давхруудад гал гарсан нөхцөлд гал сөнөөгчид аюулын бүст хүрч очих ямар ч боломжгүй гэдэг нь энэ үйл явдлаас харагдав. Галд шатсан “Шангрилла Улаанбаатар” барилга нь 24 давхар хоёр цамхагаас бүрдэх бөгөөд олон улсын өндөр зэрэглэлийн сүлжээ зочид буудлын Монгол дахь салбар болж ажиллах юм. 500 сая ам.долларын хөрөнгө оруулалттай, 24 давхар, 275 өрөөтэй, энэ онд багтаан ашиглалтад өгөх учиртайЗ тус зочид буудлын барилга угсралтыг MCS компани гүйцэтгэж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай болж ажиллах саналтай буйгаа илэрхийлж, тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Яамдын тоог ийнхүү цөөлөхөөс гадна Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд ба Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаал бий болгож улмаар одоогийн Шадар сайдын эрхлэх асуудлыг Тэргүүн шадар сайд нь хариуцаж байхаар тогтоолын төсөлдөө тусгасан юм. Мөн Шадар сайд нь Гадаад харилцааны сайдын албыг давхар хаших бөгөөд энэ хүрээнд гадаад худалдааны зохицуулалт, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа бодлогыг эрхлэх асуудлынх нь хүрээнд нэмж оруулсан гэдгээ мөн хэлсэн. Үүнээс гадна Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг зөв тогтоож, удирдлагыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн хөгжлийн хороог ажлын аппаратын хамт бий болгох саналыг оруулсан. Энэхүү хороо нь Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудлыг хариуцах аж. Уг тогтоолын төслийг Ерөнхий сайд яаралтай хэлэлцэхийг хүссэн учраас чуулганы нэгдсэн хуралдаанаар дараалал харгалзалгүй хэлэлцэхээр болсон байна.
Одоогоос 50 жилийн тэртээ дэлхийн олон орны сонсогчдод зориулан Монгол орныг сурталчлах гадаад хэлний нэвтрүүлгийн редакцийг Монголын Радиод байгуулсан юм. Улмаар 1964 оны аравдугаардугаар сарын 1-нээс Монгол, Орос, Хятад, Англи, Франц, Казах, Япон хэлний нэвтрүүлгүүдийг ээлж дараалан нээсэн түүхтэй. Монголын тухай мэдээлэл дэлхий нийтэд хомсхон байсан тухайн цаг үед радиогийн гадаад нэвтрүүлэг анх цацагдсан өдрөөсөө л эхлэн дэлхийн олон орны сонсогчдын анхаарлыг татаж, захидал, хүсэлт тасралтгүй ирж эхэлсэн байна. Жишээ дурдахад, 1965 оны эхний арван сард Энэтхэг, Австрали, Индонез, Япон, Канад АНУ, Мексик зэрэг дэлхийн 20-иод орноос 200 гаруй захидал хүлээн авсан нь тухайн цагтаа томоохон үйл явдал болж, гадаад сурталчилгааг цаашид хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг нотолсон юм. “Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн алба өнөөдөр дэлхийн 40-өөд орноос 3000 гаруй захидал хүлээн авч байна. Манай нэвтрүүлгийн сонсогчид нэвтрүүлгийн сонсогдолтын байдал, нэвтрүүлгийн ур хийц, агуулгын талаар санал бодлоо хуваалцсан захидал ирүүлдгээс гадна өөрийн орны сонин сайхнаас бидэнтэй хуваалцдаг. Түүнчлэн сонсогчид маань Монгол орны түүх, соёл, зан заншил, байгаль, ан амьтан Монголын нийгмийн өнөөгийн байдал, улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, аялал жуулчлалын тухай олон асуултыг бидэнд ирүүлдэг. Манай гадаад нэвтрүүлгийн албаныхан “Шуудангийн хайрцаг” болон бусад нэвтрүүлгээрээ сонсогчдынхоо асуултад хариулт өгдөг юм. Ийм л нэгэн ажилсаг уран бүтээлч хамт олон өнгөрөгч баасан гарагт 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 51 дэх ээлжит хуралдаан Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, Ойн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан зарим төсөл, арга хэмжээг Хөгжлийн банкны санхүүжилтэд шилжүүлэх тухай, Сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай болон зарим нууц асуудлуудыг хэлэлцэх юм. Тус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаархи мэдээллийг бид цаг тухайд нь уншигч та бүхэнд хүргэх болно.
Өнгөрч буй долоо хоногт цаг агаарын байдал нийт нутгийн хэмжээнд тийм ч таатай байсангүй. Тэгвэл ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 6,7-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 8-нд төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 5-нд зарим газраар, бусад хугацаанд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байгаа.
Уншигч та бүхэнд ирж буй амралтын өдрүүдийг тав тухтай өнгөрөөж, ирэх долоо хоногт ажил үйлстээ амжилт ололтоор дүүрэн, амьдрал тань аз жаргалаар бялхаж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.


















