“Энэ бол би” үзэсгэлэнгээс олсон орлогоор эмчилгээний төхөөрөмж авна
Үндэсний өгөх өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй тархины саажилттай хүүхдүүдийн УИХ гишүүн С.Одонтуяатай хамтран гаргасан “Энэ бол би” үзэсгэлэн
Мэдээллийн алба

Үндэсний өгөх өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй тархины саажилттай хүүхдүүдийн УИХ гишүүн С.Одонтуяатай хамтран гаргасан “Энэ бол би” үзэсгэлэн нээлтээ хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Уг үзэсгэлэнгээс олсон орлогоор саажилт өвчнөөр шаналж буй бага насны хүүхдүүдэд зориулсан “Spider Cage” буюу “аалзны тор” төхөөрөмжийг авч өгөхөөр зорьж байгаа аж. “Spider Cage” буюу “аалзны тор” гэх сэргээн заслын төхөөрөмжийн зах зээлийн үнэ нь дунджаар 12 мянган доллар байдаг бөгөөд хандивын мөнгө цуглуулсны дараа аль хямд өртөгтэй газраас оруулж ирэх аж.
Харин үүний дараа уг төхөөрөмжийг аль нэг эмнэлэг, цэцэрлэгт байрлуулж саажилттай хүүхдүүд сэргээн заслын эмчилгээ хийлгэж байх юм байна. Түүнчлэн нэг удаа энэхүү төхөөрөмжийг авсны дараа өөрсдөө адилхан төхөөрөмж дуурайлгаж хийх боломжтой гэдгийг Үндэсний “Өгөх өдөр”-ийг санаачлагч Б.Баярсайхан хэлж байсан.
“Энэ бол би” үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн, Б.Мөнхтулга нарын залуус оролцож буй. С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан нар хөл болон амаараа уран зураг зурдаг бол Б.Мөнхтулга шүлэг бичдэг бөгөөд үзэсгэлэнд өөрийн гаргасан гурван ч номоо дэлгэсэн. Харин А.Хүдэрбат, А.Дөлгөөн нар өөрсдийн цуглуулсан тоглоомон машин болон түлхүүрний оосорны цуглуулгаа дэлгэж байгаа юм.


Түүнчлэн үзэсгэлэнд олны анхаарлыг татаж байгаа цуглуулга нь УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүүхэлдэйн цугуулга байлаа. Тэрбээр оюутан байх үеэсээ эхлэн хүүхэлдэй цуглуулж эхэлсэн бөгөөд нийт 400 гаруй хүүхэлдэйн цуглуулгатай аж. Энэ талаар С.Одонтуяа гишүүн “Одоогийн байдлаар саажилттай 11 мянган хүүхэд байгаа гэсэн судалгаа байгаа. Зарим хүүхдүүд бол богино хугацаанд эдгэрдэг, зарим хүүхдүүд сайн төхөөрөмж, эмчилгээ, хугацаа шаардаж байж эдгэрдэг. Хамгийн гол нь эдгээр хүүхдүүдийн өөрсдийн сэтгэлийн тэнхээ, амьдралд хандах хандлагыг нь өөрчилж, эдгээр хүүхдүүдийг хооронд нь уулзуулж баяр баясгалантай байлгана гэдэг бол их чухал арга хэмжээ. Тийм учраас би энэ үзэсгэлэнд өөрийнхөө хүүхэлдэйн цуглуулгаараа оролцож байгаа. Хүүхдүүдийг инээж байхыг харах сайхан байна” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр саажилттай хүүхдүүдийг дэмжиж ажиллахад иргэд олон нийт бүгд анхаарлаа хандуулаасай гэж хүсч буйгаа хэлсэн юм.


Нэмж мэдээлэхэд, “Энэ бол би” үзэсгэлэн энэ сарын 9-ийг дуустал Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна. Үзэсгэлэн ямар ч үнэ төлбөргүй бөгөөд иргэд сайн дураараа хандив өгч болох юм.


Б.Дулмаа


















