Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна
Өнгөрөгч долоо хоногийн эх болон дунд үеэр монгол орны нийт нутгаар цаг агаар хүйтэн байлаа. Улс орын хэмжээнд онцлох үйл явдал цөөнгүй байв.
Мэдээллийн алба

Өнгөрөгч долоо хоногийн эх болон дунд үеэр монгол орны нийт нутгаар цаг агаар хүйтэн байлаа. Улс орын хэмжээнд онцлох үйл явдал цөөнгүй байв.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдааныг 2014 оны хоёрдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 3-ны хооронд зарлалаа. Сонин, сэтгүүл, сайтын сэтгүүлчдийн дунд зарлаж буй шилдэг нийтлэлийн уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn сайт, Олуулаа клуб “Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо” ажиллаж буй. Шилдэг нийтлэлийн уралдааны хамтран зохион байгуулагчаар Жендэрийн үндэсний хороо, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв оролцоно. Хэвлэл мэдээллийн салбарынхны анхаарлыг хүчирхийллийн эсрэг хандуулах зорилготой тус уралдааны дүнг гуравдугаар сарын 6-ны 09:00-12:00 цагт Төр захиргааны XI байрны Дугуй танхимд болох “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр зарлах юм.
Энэ жил Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа. Ойн арга хэмжээний хүрээнд өнгөрөгч долоо хоногт ХБНГУ-ын Канцлер хатагтай А.Меркел Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, хоорондын хэрэгжүүлж буй ажлуудын талаар болон бүс нутгийн хэмжээнд сонирхсон асуудлаар санал солилцов.
“Алдарт эх”-ийн одонтой эхчүүд жилд нэг удаа мөнгөн тэтгэмж авдаг. Тэтгэмжийн мөнгийг эмэгтэйчүүдийн баярын өмнөх сард олгохоор хуульчилсан байдаг учраас сар шинийн өмнө олгоогүй талаар мэдээлэл гарч байсан. Тэгвэл уг мөнгийг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн олгохоор болжээ. Шаардагдах санхүүжилтийг Сангийн яаманд хүргүүлсэн гэж Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын санхүү бүртгэлийн газрын дарга Ч.Эрдэнэбулган хэллээ.
Шинэчлэлийн Засгийн газрын ээлжит “Бүтээн байгуулалтын цаг” өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагт боллоо. Энэ үеэр Хөдөлмөрийн яам өнгөрсөн оны ажлын үр дүн, энэ оны зорилтоо танилцуулав. Энэ Засгийн газрын хөдөлмөрийн салбарт тавьсан гол зорилт бол 150 мянган ажлын байр шинээр бий болгох билээ. Тиймээс “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам хариуцан хэрэгжүүлж эхлээд буй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн найман хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн онд улсын хэмжээнд 52 мянга, үүнээс орон нутагт 29 мянган ажлын байр шинээр бий болжээ. Үүнээс 40 гаруй хувь нь барилга, боловсруулах үйлдвэрийн салбарт гарсан байна. Харин үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрөөр өнгөрсөн жил 6417 хүн төгсч, тэдгээрийн 79 хувь нь ажлын байртай болжээ. Барилгын салбарын мэргэжил эрэлттэй хэвээр байгаа тул энэ жил 2200 шахам оюутанг энэ чиглэлээр сургаж буй аж. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт 950 шахам ажил олгогч хамрагдаж, дөрвөлсөн гэрээ байгуулан ажиллаж байна. Тэдний төлөөлөл “Бүтээн байгуулалтын цаг” мэдээллийн үеэр байлцаж, хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн талаар санал сэтгэгдлээ илэрхийллээ. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр цаг үеэ олсон, өгөөжтэй хөтөлбөр болсныг тэд хэлж байв.
Өнгөрөгч долоо хоногт монголчуудын сэтгэлийг чилээсэн үйл явдал болсон нь Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Ч.Болдбаатарын сураггүй болсон мэдээ байлаа. Тэрбээр энэ сарын 16-ны 23:00 цагийн үед сураггүй болсон учир Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын алба, нутгийн иргэдээс бүрдсэн эрлийн багийнхан охин Б.Үүрцайхаар нь газарчлуулан хайх ажиллагааг эхлүүлсэн билээ. Улаанбаатараас Онцгой байдлын алба, Хилийн цэргийн бие бүрэлдэхүүн, уулчид очиж эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, энэ сарын 20-ны 17:00 цагийн үед аврах багийнхан цогцсыг оллоо.
“Буянт-Ухаа 1” хороолол баригдаж дууссантай холбогдуулан Засгийн газрын зүгээс иргэдээс захиалга авах журмыг нь батлан гаргаад байна. Өнгөрөгч долоо хоногт тус хороололд байр авах хүсэлтэй иргэдийг нэгдсэн мэдээллээр хангахын тулд Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга “Засгийн газрын баталсан журмын дагуу бүртгэлийн үйл ажиллагааны нарийвчилсан журмыг гаргана. Журам ирэх сарын эхээр батлагдчих учраас тэр үеэс захиалгаа авч эхэлнэ. Нийт 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагч, 40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах журмыг Засгийн газраас баталсан. Төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн иргэд бүгд цахим хэлбэрээр бүртгэлжилтэд хамрагдана.
Бид бүртгэл эхлэнгүүт бүхий л шаардлагатай анкет, өргөдлийн маягтуудыг өөрийн http://www.occk.mn/ сайтдаа байршуулна. Урьдчилгаа төлбөрийг 30 хувиар тооцсон байгаа. Хорооллын хэмжээнд нийт 33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг, 33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг 66.88 м2 бүхий гурван өрөө байр 256 ширхэг байгаа. Эндээс иргэд боломж, нөхцөлдөө тааруулж, сонголтоо хийнэ. Журамд ахмад настан үр хүүхэд, хамаатан садантайгаа нийлж авах боломжит хэлбэрээр тусгагдсан.
Журамд өмнөх Засгийн газрын болон одоо хэрэгжиж байгаа орон сууцны зээлд хамрагдаагүй иргэд хүсэлтээ гаргаж болно. Өөрөөр хэлбэл, хувьчлалаар байр авч байсан иргэд өөрийн өмчлөлөө шилжүүлснээр зээлд хамрагдах хүсэлтээ гаргах эрхтэй болно. Иргэд бүртгэлийнхээ дагуу банкин дээр очиж, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд сугалаанд оролцох замаар байраа авна. Бид сугалааг санамсаргүй сонгох түүлтийн арга бүхий программаар явуулах ажлыг судлаж байгаа” гэсэн юм.
Мөн долоо хоногт МУГЖ С.Жавхлан төрсөн өдрөөрөө нэг төгрөгийн үнэ цэнийг мэдрүүлсэн тоглолт зохион байгуулах болсноо дуулгасан. Түүний тоглолт баасан гарагт болсон бөгөөд энэ үеэр дуучин С.Жавхлан Увс аймгийн Цагаанхайрхан суманд осгож нас барсан охины дүүд тоглолтынхоо орлогоос хандивлав. Манай улсын гурван аймгийн есөн сумд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч багагүй хохирол амсаад байгаа. Өвчний тархалтыг зогсоох гол зүйл болох шүлхийн эсрэг вакцины нөөц улсын хэмжээнд дууссан талаар албаныхан мэдээлээд байсан билээ. Тэгвэл ОХУ-аас шүлхий өвчний эсрэг нэг сая тун вакцин авахаар боллоо. Вакцин ирэх долоо хоногт Монголд ирнэ.
ОХУ-ын Сочи хотноо болж буй өвлийн Олимпийн ХХII наадам 16 дахь өдрөө үргэлжилж байна. Сочид энэ долоо хоногийн эхээр дулаарч, цас хайлсан нь хүмүүсийн анхаарлыг татаад байсан билээ. Энэ нь Цагаан олимпт оролцож буй зарим тамирчдад тун их таалагдсан байна. Тамирчид уралдааныхаа өмнө наранд биеэ шарж хэвтэн нимгэн хувцастай болон цээж нүцгэн бэлтгэлээ хийж байлаа.
Өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдрүүдэд Монголд цаг агаар харьцангуй дулаарч, зарим газар цас хайлж эхэллээ.


















