Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна
Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр ээж, эмээ, гэргий, найз бүсгүй, охиноо баярлуулж буй хүн олон байна. Монголын нийт эмэгтэйчүүддээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлээд MNB.mn сайт өнгөрөгч долоо хоногт улс оронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр ээж, эмээ, гэргий, найз бүсгүй, охиноо баярлуулж буй хүн олон байна. Монголын нийт эмэгтэйчүүддээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлээд MNB.mn сайт өнгөрөгч долоо хоногт улс оронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын гарын үсэг зурсан уг зарлигт өвлийн спортыг дэмжих чиглэлийг тусгажээ. Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд таатай орчин, нөхцөлийг бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигт тусгажээ.
Түүнчлэн өвлийн спортыг хөгжүүлэх орчин үеийн шаардлага, стандартыг хангасан, задгай болон битүү барилга байгууламжийн цогцолборыг Улаанбаатар хот болон боломжтой бусад суурин газарт бариулах, зохих хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэх, сургалтын хөтөлбөрт өвлийн спортын төрлүүдээс тусган, өвлийн улиралд дадал болгон хэвшүүлэх, сурагч оюутны өвлийн спортоор хичээллэх таатай орчин нөхцлөөр хангах, энэ чиглэлээр биеийн тамирын багш нарыг мэргэшүүлэх, үндэсний шигшээ багийн өвлийн спортын олимп, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд оролцох төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зарлигджээ.
Мөн өвлийн спортын барилга байгууламжийн цогцолборт түшиглэн уралдаан, тэмцээн зохион байгуулах, Монгол Улсын тамирчид гадаад улсын баг, тамирчидтай бэлтгэл хийх, хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжих талаар тусгажээ. Зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлаж, хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд жил бүр мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болголоо. Мөн өвлийн спортын тамирчдыг ивээн тэтгэх, урамшуулах, өвлийн спортын барилга байгууламж барих, шинэ технологийг нэвтрүүлэх зэргээр эх орондоо өвлийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллагад уриаллаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай холбогддог ээлжит цахим хурлаа энэ долоо хоногт хийлээ. Хурлаар өнгөрөгч сард аймаг, орон нутагт хийсэн онцлох ажлуудаас дурдаж, явцыг нь түргэвчлэх шаардлагатай хэд хэдэн ажил байгааг анхааруулсан юм. Ховд, Увс аймагт битүү зах ашиглалтад орсон. Баян-Өлгий аймгийн битүү захын барилгын ажил хоцрогдолтой яваа тул яаравчлан дуусгаж, гуравдугаар сарын дундуур ашиглалтад оруулахыг даалгав. Түүнчлэн, барилга байшингийн засвар дуусаагүйн улмаас 11 аймгийн оношлогооны төвүүдийг ашиглалтад оруулах явц удаашралтай байгааг анхаарч, мөн энэ сардаа багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болгосон юм.
Шүлхийтэй тэмцэх арга барилаа өөрчлөхгүй бол улс олон давхар ачаа үүрч, их хэмжээний зардал гаргаж байна. Иймд тайван цагт малдаа шүлхийн вакцин хийлгээгүй малчинд эрсдэл гарсан үед төр нөхөн олговор өгөхгүй байх эрх зүйн зохицуулалтын бодлого боловсруулах үүргийг ҮХААЯ-нд өгсөн гэж Ерөнхий сайд хэллээ.
Аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууц, 200 айлын хаус хорооллын барих газрын нөөц, инженерийн дэд бүтцийн хангамжийн хүчин чадал, одоо эхэлсэн болон төлөвлөсөн орон сууцны явц зэргийг тооцож үзэн судалгаа хийсэн. Газар дээр нь очиж ажилласан мэргэжлийн багийнхан зарим аймагт Төрийн орон сууцны корпорациас орон сууцны барилга нэмж барих шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргажээ. Ийм аймгуудад 200 айлын таун хаус барихад дэмжлэг үзүүлж болно. Энэ талаар тухайн аймгийн удирдлагуудтай эргэн ярилцана гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцлов.
Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 101 жилийн ойн баяр гуравдугаар сарын 6-нд тохиолоо. Энэ өдөр Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хамтран зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгуулагууд, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комисс, Жендэрийн Үндэсний Хороо, Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төв, Олуулаа клуб зэрэг хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл оролцон, гэр бүлийн хүчирхийлэл, нийгэмд үүсч буй сөрөг хандлагууд, тэдгээрийг даван туулах аргачлал, олон нийтийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон юм.
Хэлэлцүүлгийн хүрээнд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн мэргэлжилтэн Д.Ариунтариа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын тухай”, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтэн М.Мөнхсаруул “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн анхаарах асуудал” , Иргэний нийгэм хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Батзаяа “Гэр бүлийн өмгөөллийн эрхзүйн орчин, өмгөөлөл” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тус арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд шинээр байгуулагдсан Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сэржмядаг нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж, мэдээлэл хийснээс гадна “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” олон нийтийн оролцооны төслийг санаачлаад байгаа залуусын төлөөлөл мөн хэлэлцүүлэгт оролцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдааны шилдгүүд шагналаа гардан авсан юм. Тус уралдаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сонин, сэтгүүл, сайтын 28 сэтгүүлчийн 34 нийтлэл ирүүлснээс тэргүүн байрт News.mn сайтын сэтгүүлч Б.Энхмандахын “Хандлагаа өөрчилье”, дэд байрт “Монголын үнэн” сонины сэтгүүлч Б.Цэцэгдэлгэрийн ““Хүч”-гүй хуулиар түрий барьсан хүчирхийлэгчид”, гутгаар байрт MNB.mn сайтын сэтгүүлч Ж.Мядагбадамын “Хүчирхийлэл хэмээх бөөсөн ороолтоо тайлцгаая” нийтлэл шалгарлаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудалд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хууль эрхзүйн мэдлэгийг сайжруулах зорилгоор уг хэлэлцүүлгийг анхлан санаачилж зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Цаашлаад жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уг хэлэлцүүлэг, нийтлэлийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулна. “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” нийтлэлийн уралдаан, хэлэлцүүлгийг Daimond press club, Өдрийн сонин, Улс төрийн тойм, Ардчилал, Үндэсний шуудан зэрэг өдөр тутмын сонинууд, Монголын сайтын холбоо, P3 радио 100.9 зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжин ажиллалаа.
Дөрвөн иргэн архинд хордож нас барсантай холбогдуулан нийслэлийн МХЕГ улсын хэмжээнд согтууруулах ундааны 31 үйлдвэр, согтууруулах ундаа худалдаалдаг, үйлчилгээ эрхэлдэг 5078 газар, 127 эм ханган нийлүүлэх байгууллага, 260 нийтийн үйлчилгээтэй эмийн сан, 19 эмийн үйлдвэр, 81 эмнэлэг, эрүүл мэндийн төв, долоон аймгийн эрүүл мэндийн газар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад хүнсний дэлгүүрүүд, худалдааны байгууллагуудад худалдаалагдаж байгаа 21 нэрийн архи, согтууруулах ундаа нь хаяг шошгын зөрчилтэй байгаа нь /орц найрлага, гаж нөлөө, хориглох заалт, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, нөхцөл, санамж, эрүүл мэндийн анхааруулгагүй, үйлдвэрийн хаяг, хэрэглэх арга, савлалтын хэмжээ, цувралын дугаар, нөхцөл зэргийг тэмдэглээгүй /”Шинэ эхлэл”, “Хээр адуу”, “Морьт хангай”, “Тэргүүн трейд”, “Хярын нуур” зэрэг үйлдвэрүүд/ нь“Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага MNS CAC 1:2007, "Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага MNS 179:2009-стандарт, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна.
Хяналт шалгалтын явцад хаяг шошгын зөрчилтэй 12266 ширхэг архийг битүүмжилж, “Их монгол”, “Буудай” гэх мэт 21 нэр төрлийн архинаас 151 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Шалгалтын явцад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй ААНБ-ууд, эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийт 117 зөрчил илрүүлж, 20 аж ахуйн нэгжид 54 заалт бүхий 20 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэн 151 дээжийг шинжилгээнд хамруулан, хадгалалтын хугацаа дууссан 1071 шил архи, 849 ширхэг шар айраг, найман шил дарсыг устгаж, зөрчил гаргасан 11 иргэн, хуулийн этгээдэд 3.416.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасагт мэс заслын их эмч Д.Батболд, С.Батмягмар, Д.Наваан нарын удирдсан баг “Нүүрний согогийг духны голын далбангаар нөхөн сэргээх” хагалгааг анх удаа орон нутагтаа амжилттай хийсэн сайшаалтай үйл явдал болов. Өвчтөний биеийн байдал сайжирч, шарх анхдагчаар эдгэрсэн бөгөөд эмнэлгээс гарч амбулаторийн хяналтад шилжсэн ажээ.


















