Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна
Өнгөрөгч долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдвээр уулзалт зохион байгуулж, жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой өөри
Мэдээллийн алба

Өнгөрөгч долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдвээр уулзалт зохион байгуулж, жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой өөрийн байр сууриа илэрхийлсэн билээ. Уг ажлын хүрээнд 2014 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улс “НҮБ Эмэгтэйчүүд” байгууллагаас санаачилсан “АМЛАЛТ” төсөлд нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх болон түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчинг сайжруулах тухай амлалт өгч гарын үсэг зурлаа.
Сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа нэг зүйл бол “Буян-Ухаа” хороолол тойрсон мэдээлэл билээ. “Буянт-Ухаа 1” хороолол баригдаж дууссантай холбогдуулан Засгийн газрын зүгээс иргэдээс захиалга авах журмыг нь батлан гаргасан. Журамд “Буянт-Ухаа” хорооллын нийт 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагч, 40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй буюу зорилтот бүлгийн иргэдийг оруулахаар тусгасан юм. Уг журмын дагуу “Буянт-Ухаа 1” хороололд иргэдэд байр олгохын тулд Төрийн орон сууцны корпорациас бүртгэлийн тусгайлсан журмыг мөн батлаад байна. Уг хороололд байр авах хүсэлтэй иргэдийг нэгдсэн мэдээллээр хангахын тулд өнгөрөгч долоо хоногт Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-оос мэдээлэл хийлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс харна уу. ТҮЦ машинаар бүртгэх болсонтой холбогдуулан сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд техникийн талын зааварчилгаа дутагдан, бухимдал үүсгээд байгаа. Тиймээс ТОСК-ийн зүгээс иргэдэд ТҮЦ машины техникийн зааварчилгаа өгөх 34 хүнийг ажиллуулахаар боллоо. Зааварчилгаа өгөх ажилчид “Буянт-Ухаа 1” хороололд бүртгүүлэх хүсэлтэй иргэдэд шаардагдах техникийн зааварчилгаа өгөх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу Батлан хамгаалахын болон Боловсрол шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж энэ оны хоёрдугаар улирал буюу дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлэхээр боллоо. Батлан хамгаалах яамны мэдээлснээр дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын ангийн, эрэгтэй, 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн оюутнуудыг сайн дурын үндсэн дээр хөтөлбөрт хамруулах юм байна. Хөтөлбөрийн дагуу цэргийн ерөнхий бэлтгэл сургуулийг хоёр кредитийн программтайгаар сонгон суралцуулж, сургалтын агуулгад нь тусгаж, их, дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Ингэж ажиллахыг их, дээд сургуулиудын захирлуудад Батлан хамгаалахын болон БШУ-ны сайд нар хамтарсан тушаалаар даалгажээ.
Мөн оюутан залуусаар суралцах хугацаанд нь цэргийн алба хаалгах журмыг батласан байна. Хөтөлбөрт хамрагдах оюутнууд сургалтын албандаа бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдан, цэргийн ерөнхий бэлтгэлийн хоёр кредитийн төлбөр болох 76 мянган төгрөгийг төлж, сонгон суралцах аж. Үүний дараа орон нутгийн Цэргийн хэлтэст өөрөө өргөдөл гаргаж бүртгүүлээд цэрэгт татагдан, цэргийн тусгай бэлтгэлийн төвд хоёр сар цэргийн тусгай бэлтгэл хийх юм байна. Энэ үедээ хугацаат цэргийн алба хаагчийн нэгэн адил цэргийн байранд байрлаж, эрх, үүргийг биелүүлж, суралцах бөгөөд энэ хугацаандаа мото буудлагын цэргийн тасгийн дарга буюу буудагч гэсэн тусгай мэргэжил эзэмших юм. Мөн гадаад, дотоодын цэргийн их, дээд сургуульд элсэх, энхийг сахиулах олон улсын арга хэмжээнд оролцох эрхтэй болох аж. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ оюутнуудыг цэргийн нэгдүгээр зэргийн үүрэгтнээр бэлтгэхээр болжээ. Тухайн оюутан уг хөтөлбөрт хамрагдсанаар дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн болж бэлтгэгдэх юм.
Өнгөрөгч долоо хоногт шүлхийн голомт тойрсон асуудал халуун сэдвийн нэг хэвээр байлаа. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлснээр Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 13 суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр 3.328 үхэр өвчилснөөс бүгдийг нь зориудаар устгаж, дээрх аймгуудын 3.226.248 толгой малд урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо өнгөрсөн 14 хоногт өдөрт дунджаар 100-110 толгой малаар нэмэгдэж байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар 10-20 толгой мал болж буурах хандлагатай байгаа сайшаалтай мэдээ байв. Гэсэн ч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт шинээр үүссэн голомт нь нийслэлийн Багахангай дүүргээс 225 км-ийн зайтай байсан юм. Энэ нь шүлхийн голомт хот руу дөхөж буйг илтгэж, илүү их болгоомжлолыг шаардсаар байна. Нийслэлд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4-р зөрлөг Баянзүрх, Яармаг, Био, Эмээлт, Баруун турууны товчоодод ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын есөн цэг ажиллаж байгаа. Мөн есөн дүүргийн 253.610 толгой малд урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Нийслэлийн хэмжээнд 298.767 толгой малд вакцин хийх бөгөөд вакцинжуулалтын явц 84.9 хувьтай байгаа талаар албаныхан мэдээлэв.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болон гишүүд долоо хоног тутам ажлын уулзалт хийдэг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногийн уулзалтаар улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын товч мэдээлэл хийж, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагааны талаар Засгийн газрын Шадар сайд, Байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва, Улаанбаатар хотын орон сууцны барилга, байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх байдалд хийсэн үнэлгээ, паспортжуулах ажлын дүн, цаашдын зорилтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар танилцуулга хийсэн. Мөн энэ үеэр “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн явцын талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийсэн юм.
Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг "Петро чайна Дачин тамсаг" компанийн олборлолтын нэгдсэн ил байгууламжийн экспортын тос ачих хэсэгт гал гарсны улмаас найман машин шатаж, хоёр хятад иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Холбогдох албаныхан галын дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна. Тус компанийн экспортын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм. Түүнчлэн газрын тос агуулах савны багтаамжаас шалтгаалан олборлолтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, ихэнх цооногийг хаажээ. Цаашид компанийг хэвийн үйл ажиллагаагаар хангахын тулд БНХАУ-аас мэргэжилтэн авч ирэхээр бичиг баримтыг бүрдүүлж эхэлжээ. Галд өртсөн ачих хэсгийг бүрэн сэргээн завсарлахад 14 хоногийн хугацаа шаардлагатай байгааг албаныхан онцлосон бөгөөд хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна.


















