Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. MNB.mn сайтын хамт олноос шударга, үнэний дуу хоолой болж, цаг наргүй ажилладаг үзэг нэгт нөхдөдөө баярын мэнд хүргэж, ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. MNB.mn сайтын хамт олноос шударга, үнэний дуу хоолой болж, цаг наргүй ажилладаг үзэг нэгт нөхдөдөө баярын мэнд хүргэж, ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн тухай жаахан тодотгоход, НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс жил бүрийн энэ өдрийг албан ёсоор хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэн тунхаглах өдөр болгон зарласан байдаг.

Өнгөрөгч долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. “Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа-1” хороололд байр авах иргэдийн бүртгэлийг Төрийн үйлчилгээний цахим машинаар бүртгэж, гуравдугаар сарын 24-ний өдрийн 18 цагт өндөрлөснийг бид мэдээлж байсан. Хүсэлт гаргасан нийт иргэдийн материалыг нэгтгэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Монголбанк зэрэг байгууллагуудтай хамтран цахим хэлбэрээр хянаж баталгаажуулах ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр эхлүүлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хянан баталгаажуулах ажил дууслаа. Иргэд сугалаанд оролцох эрхтэй болсон эсэхээ ЭНД ДАРЖ өөрийн бүртгэлийн хуудасны кодыг оруулж шалгах боломжтой юм. Сугалааг олон нийтэд нээлттэй хэлбэрээр энэ сарын 10, 11-ний өдрүүдэд МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулна.

“Монгол эмимпекс”, “Монос фарм трейд”, “Ган эм”, “Мөнхийн тун”, “Сөүл Сэниорс товер”, “Интернейшнл медикал сентер”, “Мон Со Баян”, “Азифарм”, “Цомбо”, “Гранд Мед”, “Медика Монголиа”, “Омбол” компаниудын Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортоор оруулж ирэх зөвшөөрлийг хүчингүй болголоо. МХЕГ-аас эмнэлгүүдэд хяналт шалгалт хийх явцад Эрүүл мэндийн сайд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм импортлох тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасны дагуу дээрх компаниуд эм оруулж ирж байгаа зөрчил илэрчээ. Импортын зөвшөөрөл олгох тушаал нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн “Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх хүний эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр импортын лиценз олгоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа учир МХЕГ-аас илгээсэн албан тоотын дагуу Эрүүл мэндийн сайд Н.Удвал импортын зөвшөөрөл олгосон тушаалаа хүчингүй болгожээ.

1930-аад оны үе. “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдана. Тэрхүү хачирхалтай зүйл оройн 19.00 цагийн үед гэнэт "ярьж" эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн гэдэг. Тэр жилдээ буюу 1931 оноос эхлэн Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийг материал техникийн баазаар хангахад улс, хоршоолол, олон нийтийн төв байгууллагуудаас хувь нийлүүлсэн “Монгол радио” хэмээх хоршоо байгуулсан түүхтэй. Эдгээр түүхэн үйл явдлуудаас хойш өдгөө 80 жилийг ардаа орхижээ. Өнгөрөгч долоо хоног буюу тавдугаар сарын 1-нд Монголын радио 80 насныхаа ойг сонсогч, үзэгч түмэнтэйгээ хамт тэмдэглэлээ. “Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд “Хөх тэнгэрийн аялгуу” тоглолтыг зохион байгуулж нижигнэсэн алга ташилтан дор тус цэнгүүн өндөрлөсөн юм. Радиогоор овоглосон үе, үеийн сэтгүүлч, яруу найрагчдын тэрлэсэн шүлгээр бүтсэн алтан үеийн дуунууд энэ орой эгшиглэлээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнгөрөгч баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдааны үеэр сайдын суудлаасаа огцрох хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа. Пүрэв гарагт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газар, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Засгийн газар, УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах уг хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар буцаасан билээ. Уг асуудалд анхнаасаа намаасаа эсрэг саналтай байсан гишүүд бол Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт нар юм. Тэд пүрэв гарагийн чуулганд гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах нь зөв гэж үзэж намаасаа эсрэг байр суурьтайгаар санал өгсөн. Энэ нь Р.Бурмаа гишүүнийг намаас хөөх хэмжээний асуудал болсон юм.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засалтын цогц төв буюу “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг барьж байгуулахаар болжээ. Энэхүү ажлыг эхлүүлж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас хүрэлцэн ирсэн судалгааны багийн дарга Шен Ган болон БНХАУ-ын Элчин сайдын яамны худалдааны зөвлөх Сунь Вэйрэнь болон албаны бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах тус төвийг нийт 30 сая ам.долларын өртөгтэйгээр, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөжээ.

Хуваалцах