Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна
Энэ долоо хоногт АН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Гурван нэр дэвшигч буюу Р.Амаржаргал, Д.Ганбат, Ч.Сайханбилэг нарын хэнийг нь
Мэдээллийн алба


Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Энэ долоо хоногт АН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Гурван нэр дэвшигч буюу Р.Амаржаргал, Д.Ганбат, Ч.Сайханбилэг нарын хэнийг нь Ерөнхий сайд болгох вэ гэх санал хураалтад АН-ын 27 гишүүн оролцож 100 хувийн саналаар АН-ын гишүүд Р.Амаржаргалыг дэмжсэн юм. Харин АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлж, намынхаа ҮЗХ-ийн хуралдаанд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл өнгөрсөн баасан гарагийн орой эхэлсэн АН-ын ҮЗХ-ийн ээлжит бус хурлын эхэнд Н.Алтанхуягийг өөрийнх нь хүсэлтээр тус намын даргийн үүрэгт ажлаас чөлөөллөө. Түүний оронд намын даргад УИХ-ын дарга З.Энхболд өөрийн нэрийг дэвшүүлж, Ардчилсан намын ҮЗХ-ы ээлжит бус хуралдаанаас 87.5 хувийн саналаар түүнийг Ардчилсан намын даргаар сонголоо.
Мөн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдаанаас явуулсан нууц санал хураалтын дүнгээр Монгол Улсын Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийн нэрийг дэвшүүлэхээр боллоо. АН-ын дүрэмд заасанчлан АН-ын дарга З.Энхболд ҮЗХ-ийн хуралдаанд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарын нэрийг өргөн мэдүүлсэн. АН-ын ҮЗХ хуралдаанд оролцогсод нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, асуулт хариулт өрнүүлсний дараа нууц санал хураалтаар 53,9 хувийн саналаар ийнхүү УИХ-д өргөн мэдүүлэх Монгол Улсын 28 дахь шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа.

Баасан гарагт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Төсвийн байнгын хорооны даргын мэдээлснээр 2015 оны төсвийн зарлага 100 тэрбум төгрөгөөр буурч байгаа аж. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Өнгөрөгч есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путин манай улсад ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр хийгдсэн гол хэлэлцээрүүдийн нэг нь хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих асуудал байсан билээ. Айлчлалын үеэр талууд харилцан гарын үсэг зурсан бөгөөд үүний дараа хоёр орны Засгийн газар дотооддоо энэ хэлэлцээрийг гүйцэтгэсэн. Энэ долоо хоногоос эхлээд хоёр улсын иргэд визгүй зорчиж эхэллээ. Гэхдээ хоёр орны бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд нэг удаад 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой. Визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан аж. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авах юм байна. Мөн дипломат албаны хүмүүс, олон улсын байгууллагын ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүд, ОХУ-д байнгын оршин суудаг Монголын иргэд, Монголд байнга оршин суудаг Оросын иргэдэд дээрх хэлэлцээр үйлчлэхгүй аж. Эдгээр хүмүүс хоёр орны хооронд хугацаа харгалзахгүй тусгай эрхтэй зорчих нь хэвээрээ байгаа ажээ. Энэ хэлэлцээрийн бас нэг чухал нөхцөл нь хоёр улсын иргэд харилцан зорчихдоо ямар нэг хүндэтгэх шалтгаанаар 30 хоногоос хэтэрсэн бол хугацаагаа сунгах тухай өргөдлийг тухайн улсын эрх бүхий байгууллагад гаргах ёстой. Монгол, Орос харилцан визгүй зорчиж эхэлснээр манай улс руу Оросоос гэмт хэрэгт холбогдсон иргэд ирэх вий гэсэн болгоомжлол байгааг буруутгах аргагүй. Гэхдээ “ОХУ-ын Үндсэн хуульд онц ноцтой эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, эрэн сурвалжилж буй хүмүүст гадаад паспорт олгохгүй гэж заасан байдаг учир санаа зовох асуудал байхгүй гэдгийг ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга В.В.Горячев хэллээ.
Мөн долоо хоногт манай улсаас ОХУ мах импортлохгүй гэсэн мэдээ тархлаа. Манай улсын махны экспорт болон дотоод зах зээл дэх нийлүүлэлтийн талаар ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр Монголын хоёр компани ОХУ руу мах экспортлохоор болсон тухай дуулгасан юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
Завхан аймгийн Тэс суманд хүн боомоор өвчилсөн тохиолдол гарлаа. Энэ талаар аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа “Тэс сумаас ирсэн 54 настай хүнээс боом өвчний шинж тэмдэг илэрч, бид түүнийг тусгаарлан эмчилж байна. Одоогоор биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд халдвартын тасагт хэвтүүлэн хамтарсан үзлэг шинжилгээ хийж байгаа. Энэ өвчин хүнээс хүнд халдварлах магадлалтай учраас тусгаарлахаас өөр арга байхгүй. Шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байна” гэсэн юм. Өвчтөн юунаас боомын халдвар авсан талаарх шинжилгээг хийж байгаа бөгөөд одоогоор түүнийг хөрснөөс халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Тус өвчтөн өвчлөхөөсөө өмнө шонгийн нүх ухаж байсан гэнэ.

Энэ долоо хоногт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсныг мэдээллээ. Дүүргийн иргэний хэргийн I шүүх уг асуудлыг хэлэлцээд ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг үүрэгт ажилд нь эргүүлэн томилохыг Засгийн газарт даалгаж, ажилгүй байсан гурван сарын цалин буюу гурван сая 817 мянган төгрөгийг буцаан олгохыг даалгав. Мөн Дүүргийн иргэний хэргийн I шүүхийн шийдвэрийг Засгийн газар эсэргүүцэн давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Манай улсын нийт хүн амын 30 шахам хувь нь хоногийн хоолны илчлэг, шим тэжээлээ авч чаддаггүй өлсгөлөнд нэрвэгдэх хэмжээнд байгааг НҮБ-ын судалгаагаар гаргажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Эх нялхсын эрүүл мэндийн төв дотор байрлах “Монос”-ын эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар уухыг зааж олгосноос болж хэрэгт холбогдоод байгаа билээ. Тус эмэнд нэр бүхий 14 хүүхэд хордсон бөгөөд нярай хүүхдүүдээс хоёрынх нь бие цочмог буюу маш хүнд зэргээр хордлого авсан байна. Тиймээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлжээ.
Уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг танилцуулъя. Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Арваннэгдүгээр сарын 16-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 17-нд зүүн зүгийн хойд хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 18-нд баруун зүгийн нутгаар, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.


















