Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны гуравдугаар сарын 2-4-нд ХБНГУ-д ажлын айлчлал хийгээд өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны гуравдугаар сарын 2-4-нд ХБНГУ-д ажлын айлчлал хийгээд өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук, Канцлер А.Меркель нартай уулзаж, Берлин хотноо зохиогдсон “Монгол, Германы бизнесийн форум”-д оролцов. Түүнчлэн гуравдугаар сарын 4-8-нд ХБНГУ-ын Берлин хотноо болж буй аялал жуулчлалын “ITB Berlin-2015” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд түнш орны төрийн тэргүүний хувиар уригдан оролцож, үг хэллээ. Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох Берлиний ITB үзэсгэлэн Европын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог аливаа улс оронд олгодгоороо онцлог. Монгол Улс Берлиний ITB үзэсгэлэнд 1999 оноос хойш албан ёсоор оролцож байгаа бөгөөд энэ жил анх удаа албан ёсны “Түнш орон”-оор оролцсон юм.

2006-2009 онд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Хан ресурсез”, “Төв Азийн уран Холдинг” компаниудын ураны ордын ашиглалт, хайгууллын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор маргаан үүссэн билээ. Уг маргаан 2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдахад шинээр бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй, мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь цуцалсанаас үүсчээ. Иймээс тэд Засгийн газрын эсрэг 2011 оны нэгдүгээр сард 326.0 сая ам.долларын нөхөн олговор олгохыг шаардаж, Арбитрын шүүхэд хандсан байдаг.
Арбитрын үйл ажиллагаа эхэлснээс хойших дөрвөн жилийн хугацаанд үе үеийн Засгийн газар уг маргааныг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулан ажилласан. Өнгөрсөн хугацаанд гурван удаагийн Арбитрын хуралдаан болж, анхны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэргийн харьяалал болон хохирлын хэмжээг салгаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Арбитрын бүрэлдэхүүн 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хэргийг салгаж шийдвэрлэхээр тогтсон байна. Хоёр дахь удаагийн хуралдаан 2012 оны тавдугаар сарын 14-15-ны өдөр болж, хэргийг Арбитрын маргаан мөн эсэхийг хэлэлцээд, хянан шийдвэрлэх харьяалалтай гэсэн шийдвэрийг гаргасан юм. Харин хохирлын хэмжээг хэлэлцэх сүүлийн хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хотноо болсон бөгөөд Арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ 2015 оны гуравдугаар сарын 2-ны өдөр гаргажээ. Шийдвэрт нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 325 сая ам.долларын хохирлыг үндэслэлгүй, хэт өндөр гэж үзээд Засгийн газраас 80.000.00 ам.долларын төлбөр, мөн өмгөөллийн зардлыг нэхэмжлэгчид төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын хувьд олон улсын Арбитрын шүүхэд хариуцагчаар татагдсан тав дахь удаагийн тохиолдол бөгөөд Арбиртын шүүхэд Засгийн газар хариуцагчаар татагдах нь олон улсад байдаг жишиг аж. Энэ талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг “Манай улсын хувьд дараагийн арга хэмжээнүүд нээлттэй байна. Давж заалдах болон нэхэмжлэгчтэйгээ тохиролцох боломж байгаа. Мөн ураны ордын лиценз Монголын Засгийн газрын мэдэлд үлдсэн байгаа” гэв.

УИХ-ын 2014 оны намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын дарга, гишүүдийн олонх нь тойрогтоо болон орон нутаг, гадаадад томилолттой ажиллаж байна. УИХ-ын дарга З.Энхболд энэ долоо хоногт Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж иргэдтэй уулзалт хийлээ.

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 102 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид салбарынхаа нийт ажилтан ажиллагсад болон эрхэм үзэгч, уншигч, сонсогч, хэрэглэгчдэдээ мэндчилгээ дэвшүүлэв. Уншигч та мэндчилгээг ЭНДЭЭС бүрэн эхээр нь уншаарай.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад хийж байгаа ажлын айлчлалынхаа үеэр Гийлэд Сайнсэс компанид үйлдвэрлэсэн элэгний С вирусын эсрэг "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлэхээр ярилцан тохиролцжээ. Үйлдвэрийн зүгээс ирэх дөрөвдүгээр сард холбогдох материалаа манай улсад ирүүлж бүртгүүлэхээр болсон бөгөөд "Harvoni" эмийг "Sovaldi" эмийн адил хөнгөлөлттэй үнээр авахаар тохиролцсон байна. Harvoni эм нь вирусын эсрэг шууд үйлчилгээтэй бөгөөд дангаар нь эмчилгээнд хэрэглэдгээрээ давуу талтай юм байна. Өдөрт нэг удаа 12-24 долоо хоног тасралтгүй хэрэглэснээр үр дүн нь 98 хувийн эдгэрэлттэй болох нь нотлогджээ.

Дулааны улиралд хийгддэг засварын ажил энэ сараас эхлээд байна. Засварын үеэр эрчим хүч түр таслах хуваарийг ЭНДЭЭС унших боломжтой.

Төмөр замын төв буудлын хоёр давхарт байршилтай Улаанбаатар-Улаан-Үд, Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын зорчих тасалбар бичиж байсан үндэсний төвийн салбар касс энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан авто вокзал руу шилжлээ. Тиймээс иргэд Сонгинохайрхан авто вокзал, Баянзүрх авто вокзал, "Нарантуул" ОУХТ зэрэг салбаруудаас зорчих тасалбараа худалдан авч болох юм байна.

Арьс, ширний үйлдвэрийн бохир ус, элдэв химийн бодисыг хүн, байгальд сөрөг нөлөөлөлгүй болгох шинэ технологийг манай мэргэжилтнүүд бий болгоод байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.

“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд зарим ЕБС дэргэдээ шатрын дугуйлан нээсэн. Дугуйланд хамрагдаж байгаа хүүхдүүдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэхэд багшлах боловсон хүчин чухал учраас Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Урлаг, Биеийн тамирын сургууль дэргэдээ Шатрын багш, дасгалжуулагч бэлтгэх шинэ анги нээлээ. Эхний ээлжинд нэг жилийн хөрвөх сургалт явуулах юм байна. Сургуулийн удирдлагууд цаашлаад бакалаврын зэргээр элсэлт авахаар төлөвлөж буй ажээ.

2015 оны гуравдугаар сарын 8-ны 14:00 цагаас сервэрт техникийн шинэчлэлт, засвар үйлчилгээ хийгдэх гэж байгаатай холбогдуулан мөн өдрийн 18:00 цагаас 2015 оны гуравугаар сарын 9-ний 09:00 цаг хүртэлх хугацаанд MNB.MN сайт ажиллахгүй болохыг мэдэгдэж байна.
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулав. Монголынхоо бүх сайхан ээжүүд, бүсгүйчүүд, охидод Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.


















