Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

Өнгөрсөн даваа гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан ч мөнгөө авч чадаагүй иргэдэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрч буй энэ долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


Өнгөрсөн даваа гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан ч мөнгөө авч чадаагүй иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцаан эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа.

Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргаж болох тухай шийдвэрийг гаргасан байдаг.

Үүний дагуу Монгол Улсын 1503.984 иргэн 1583 628 456 ширхэг хувьцааг Засгийн газарт худалдах хүсэлтээ Нийгмийн халамж үйлчилгээний газарт гаргажээ. Эдгээр хүсэлт гаргасан иргэдийг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээс хасах бичилт хийсэн байна. Гэтэл хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдийн хувьцааны төлбөрийг төлөөгүй өнөөг хүрсэн бөгөөд эдгээр иргэдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хувьцаагаа буцааж эзэмших хүсэлт гаргажээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...


Монгол Улсад анх удаа Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Зөвлөл байгуулагдаад удаагүй байгаа. Тус зөвлөлөөс “Монголын хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг шинэчлэн баталснаар 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн олон нийтэд түгээсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг иргэдээс хүлээн авч эхэллээ. Иргэдийн гомдлыг зөвлөлийн ёс зүйн хороод хэлэлцээд ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргах юм. Харин уг дүгнэлтийг гаргахын өмнө гомдолд холбогдсон хэвлэл мэдээллийн байгууллагад энэ талаар мэдэгдэж, хариу тайлбар хийх боломжоор хангах юм.Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, орон сууцны 16 дугаар байрны иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч өнгөрсөн оны 10 дугаар сард “Би Жи Би Жи” компанийн барьж байгаа барилгын ажлын явцад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 16 дугаар байрны зүүн талын далангийн дагуу хамгаалалт хийлгүй газар шорооны ажил хийснээс нягтруулсан шороо их хэмжээгээр нурж хөндий үүссэн, зам, талбайн хавтан хөдөлгөөнд орж нурах аюултай болсныг тогтоосон байдаг. Гэвч энэ байдал даамжирсаар өнгөрсөн лхагва гарагт тус байр нурах аюулд хүрсэн ноцтой байдал үүсэн, тухайн байрны 240 гаруй оршин суугч иргэдийг Нийслэлийн онцгой байдлын газар, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, цагдаагийн хэлтэс зэрэг албаны хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явууллаа. Одоогоор тус байрыг цагдаагийн хамгаалатад аваад байгаа бөгөөд оршин суугчдыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх зочид буудлуудад тараан байршуулаад байгаа аж.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн лхагва гарагийн орой УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзаж, Тавантолгойн гэрээний төслийн талаар зөвшилцөлд хүрчээ.Ингэснээр УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газарт Тавантолгойн гэрээний төслийг өргөн мэдүүлэх цаг товлож өгөхөөр болсон байна. Энэ талаар өчигдөр орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа жиргэжээ.Дашрамд дурдахад, мөн өчигдөр үдээс хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарт Тавантолгойн төслийн гэрээг дахин хүргүүлсэн юм. УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээний төслийг хүлээж авахгүй, үүнд цаг өгөх боломжгүй хэмээн мэдэгдсэн гэх яриа гараад байсан. Гэтэл ийнхүү төрийн гурван өндөрлөгийн уулзалтаар ойлголтод хүрч гэрээний төслийг УИХ-д өргөн барихаар болж байна.Ирэх сарын 9-ний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөсөн талаар эх сурвалжууд мэдээлээд байгаа билээ. Тэгвэл тус парадад алхах манай улсын цэргийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн баасан гарагт ОХУ-ыг зорилоо. Тэд ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тусгай автобусаар явах бөгөөд тэндээс нь ОХУ-ын цэргийн тусгай онгоц авна.ОХУ нь жил бүрийн тавдугаар сарын 9-нд эх орны дайны ялалтын баярыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 2010 онд 65 жилийн ойн баярын үеэр дайны үед холбоотон болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын цэргийн бүрэлдэхүүнийг анх удаа урьж оролцуулсан. Харин Монголын цэрэг анх удаа оролцохоор бэлтгэлээ хангаад ийнхүү ОХУ-ыг зорьж байна. Түүхэн үйл явдал оролцож Монгол цэргийн сүр хүчийг гайхуулах цэрэг эрсдээ амжилт хүсье.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд гал түймрийн аюулд өртөөд байгаа зүүн аймгуудад ажиллаж байна. Тэрбээр түймэртэй байгаа Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллаж орон нутгийн иргэд, түймрийн голомт дээр гал унтраахаар ажиллаж буй хүмүүс, цэрэг, дайчидтай уулзлаа. Оддогийн байдлаар Дорнод аймгийн нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг, Баян-Уул сумын нутаг дэвсгэрийн 50 хувь нь түймэрт өртжээ. ОХУ-аас хоёр чиглэлээр хил давж орж ирсэн гал ийнхүү Баян-Уул сумын газар нутгийн тал хувийг хамарсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймагт ажилласныхаа дараа Хэнтий, Сүхбаатар аймгийг зорих юм.


Монголын үндэсний албан ёсны "Billboard chart" мэндлэх гэж буйтай холбогдуулан өчигдөр МҮОНРТ, "Hi-Fi" медиа групп, "Зохиолч хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг", "Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв" зэрэг байгууллагууд хамтран ажиллах санаж бичигт гарын үсэг зурах ёслол МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд боллоо.

Энхүү хамтын ажиллагаа нь оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр "Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт"-ыг долоо хоног бүр тогтмол гаргаж, ирэх тавдугаар сарын 20-ноос МҮОНРТ-ийн сувгуудаар үзэгчдэд хүргэх юм. Шилдэг дууны жагсаалтыг Поп-Рок ба нийтийн гэсэн хоёр ангиллаар гаргах ба тухайн дуу, цомгийн биет болон цахим борлуулалт, гар утасны рингтон таталт, "youtube" болон радио лайк, дууны стрим сонсолт, мэргэжлийн экспертүүдийн санал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан гаргах ажээ.


Ирж буй өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын товч мэдээг хүргэе. Дөрөвдүгээр сарын 25-нд баруун зүгийн нутгийн хойд, 26-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи хугацааны эхээр ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүсийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн нутгаар сэрүүснэ.


Өнгөрч буй ажил хөдөлмөрийн их өдрүүдэд бидэнтэй хамт байсан уншигч та бүхэнд баярлалаа. Ирж буй амралтын өдрүүдийг ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй...

Хуваалцах