Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Маргааш буюу наймдугаар сарын 23-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн тухай хуулийн зарим зүйл заалтад хориг тавилаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүлээд байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог.

Тиймээс өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа юм. Есдүгээр сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна. Наймдугаар сарын 22 буюу бямба гарагт өглөөний 08.00 цагаас 20.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 23 буюу ням гарагт сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм.


Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор энэ сарын 21-23-ны хооронд зарим авто замыг түр хаагаад байна. Аль зам хэзээ хаагдах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.


Оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлээс болж сургуулиа хаяхад хүрээд байна гэж Монголын оюутны холбооноос мэдэгдлээ. Учир нь төрийн их, дээд сургуулиудын төлбөрийг 45 хүртэлх хувиар нэмэх шийдвэрийг Удирдах зөвлөлүүд нь гаргасан. Иймээс МОХ-ноос их, дээд сургуулиуд төлбөр нэмсэн шалтгаан, мөн төлбөрийн мөнгийг юунд зарцуулдаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оюутан, эцэг, эхчүүдэд тайлагнахыг шаардаад байна.

Хамгийн гол нь энэ хичээлийн жилд төрийн албан хаагчийн цалин нэмэгдээгүй, цахилгаан дулааны үнэ их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт нөлөөлөхүйц хэмжээнд өөрчлөлт ороогүй, элсэлтийн хэмжээ багассан тул хичээлийн байр, дотуур байр өргөтгөх, шинээр барих шаардлагагүй тул сургалтын төлбөрийг нэмэх бодит үндэслэлгүй гэж үзэж байна. Цаашид Удирдах зөвлөлүүд шийдтэй хариу өгөхгүй бол жагсана гэдгээ ч мэдэгдсэн. Харин БСШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын төлбөрөө 20-40 хувь нэмэгдүүлээд байгаа МУИС, АШУҮИC-дын удирдах зөвлөлд төлбөрөө 10 хувиар бууруулах үүрэг өгөөд байна. Дээд боловсролын тухай хуулиар бол салбарын сайд сургалтын төлбөрт шууд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн энэ нөхцөлд эцэг, эх олон нийтээс төлбөрийг бууруулж өгөөч гэсэн хүсэлт их ирж байгаатай холбогдуулан дээрх чигийг өгсөн гэлээ. Салбарын сайд төлбөрийг бууруулахдаа аль нэг хөрөнгө оруулалтаа зогсоох зэргээр тэвчиж болох зардлаа танахыг үүрэгдсэн юм.


Нийслэлд цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-28-ны өдрүүдэд болно. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах юм байна. Цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгааг ашиглан сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр цэцэрлэг ажиллуулж, хууль зөрчих тохиолдол цөөнгүй гардаг. Эцэг, эхчүүд хүүхдээ төрийн бус өмчийн цэцэрлэгт явуулахаар шийдсэн бол тухайн байгууллага нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөл нь үүсгэн байгуулагчийн нэр дээр байгаа, зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг сургалтын байгууллагаас лавлаж тодруулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөж байна.


Энэ хичээлийн жилд 46 цэцэрлэг, 12 сургууль ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Хотын 6 дүүргийн огт цэцэрлэггүй 20 хороог шинээр цэцэрлэгтэй болгохоор ажиллаж буй юм байна. Салбарын яамны мэдээлж байгаагаар есдүгээр сарын 1 гэхэд 5-6 сургууль, 10 гаруй цэцэрлэгийн барилгын ажил дуусч хүүхдүүдээ хүлээн авах аж. Энд тодотгоход, Монгол гуравдугаар сургуулийн барилгын ажил дуусч шинэ байрандаа хүүхдүүдээ хүлээн авах юм байна. Мөн 11 дүгээр сургууль энэ ондоо багтаж ашиглалтад орох ажээ.


Цаг агаарын мэдээ хүргэе. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Маргааш буюу наймдугаар сарын 23-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 24-нд төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 25, 26-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23, 24-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Хуваалцах