Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн зарим үйл явдлаас онцлон Үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 12 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн зарим үйл явдлаас онцлон Үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn та бүхэнд хүргэж байна.


УИХ-ын Намрын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган 2017 оны 10 дугаар сарын 02-ны Даваа гарагт нээлтээ хийлээ. Чуулганы хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар үг хэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ "Эрхэм гишүүд ээ, Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна.

Хэдийгээр 2017 онд эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарахаар таамаглал байгаа ч улс орны эдийн засаг, санхүүгийн төлөв муу байна. Зөвхөн нүүрсний үнээс үүдсэн өрөөсгөл өсөлт нь нийт эдийн засагтаа төдийлөн дэм болохгүй байгаа нь багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлагаас тодорхой харагдаж байна. Ирэх жил төлөх ёстой, хүлээгдэж байгаа гадаад зээлийн төлбөрүүд гэх мэт санхүүгийн асуудлууд олон байна.

ОУВС-тай хамтарч ажиллах нь энэ цаг үедээ нэмэртэй байж болох ч үүн дээр бид үндэсний онцлогт тохирсон шийдэл, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд бодолцсон заалтууд оруулж чадаж байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл Монголын улстөрчдийн гаргаж ирсэн гол алдаа нь гадныхны дэмжлэг, тусламж, зөвлөгөөг үндэсний онцлогт тохируулалгүй сохроор хуулбарлах, үг дуугүй даган биелүүлэхдээ үндэснийхээ язгуур эрх ашигт яв цав тохируулалгүй явж ирсэнд л байгааг энд сануулж хэлмээр байна. ОУВС-гийн тулгасан болзлуудаас жишээ нь, малыг барьцаа хөрөнгөд тооцохгүй гэдэг бол Монголын онцлогийг яавч тусгаагүй, тооцоогүй зүйл мөн. Нүүдэлчин монголчуудын хувьд хэдэн мянган жилийн турш таван хошуу мал нь л үндсэн хөрөнгө болж ирсэн.

Гэтэл тэрийг нь барьцаа биш гэж үзвэл малчид юугаараа зээл авах болж байна. Хүүхдийн мөнгийг халамжтай зүйрлэж байна. Цөөн хүн амтай Монголын хувьд энэ нь огт өөр зорилготой, аль ч Засгийн газар, намын үед хүн амаа өсгөх тууштай бодлого болгон хэлбэрэлтгүй мөрдөх хэрэгтэй. Гэх мэтээр ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнгүй харагдсаныг УИХ хэлэлцэн шийдвэрлэхдээ Монголын эрх ашгийг тэргүүнд нь эрэмбэлээрэй" хэмээн санууллаа.

УИХ-ын дарга М.Энхболд, "Ерөнхий сайд, Засгийн газар солигдсоноор төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын орчин ойлгомжгүй, тодорхойгүй болох, төрийн байгууллагуудын сахилга, хариуцлага суларч, аж ахуйн нэгж, иргэдийг чирэгдүүлэх явдал хэрхэвч байж таарахгүй.

Зарим нааштай өөрчлөлт гарч байгаа ч шинэ Засгийн газрын өмнө хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, сорилт шалгуур чамгүй бий. Өрийн хэмжээ нимгэрэх болоогүй, тийм боломж хараахан бүрдээгүй байгаа. 2017 оны наймдугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад, дотоод өр, зээллэгийн өнөөгийн үнэ цэнээр тооцсон үлдэгдэл 19.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 73.8 хувьтай тэнцэж байна.

Он гараад “Чингис”, “Дим Сам” бондын зээлийн эхний төлбөр гэрээний дагуу хийгдэж эхлэх ёстой. Энэ бол шинээр байгуулагдах Засгийн газрын төдийгүй Монгол Улсын өмнө тавигдаж байгаа томоохон сорилт юм. Бондын төлбөрийг төлөхдөө гадаад зах зээлээс эх үүсвэр татаж, дахин санхүүжүүлэх аргаар удаан явахгүй нь ойлгомжтой. Тиймээс Засгийн газрын өрийн удирдлагын стратеги, бүтцийг шинээр тодорхойлж, өрийн үйлчилгээний төлөвлөгөөг шинэчлэх, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, хуримтлал үүсгэх, бий болсон хуримтлалаас өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэдэг болоход анхаарах учиртай.

Мөн эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнээс хэт хамааралт эмзэг байдлыг бууруулах бодлого Ерөнхий сайд хэн байхаас, түүнчлэн эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрчлөгдсөн, эсэхээс үл хамаарч тогтвортой, тууштай хэрэгжиж байвал зохино.

УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд гүйцэтгэх засаглалд тавих хяналтаа сайжруулах ёстой. Хуульд заасны дагуу хагас жил тутамд хууль тогтоомж, УИХ-аас баталсан бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын гишүүдийн тайланг холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлэх ажлыг энэ чуулганаас эхлэн хэвшүүлнэ.

Мөн түүнчлэн УИХ өөрийн баталсан хууль тогтоомжоо нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралын харилцааг зохицуулж чадаж байгаа, эсэхтэй танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой." хэмээн онцолсон юм.


Засгийн газар 2018 оны төсвийн төслийг буцаан татлаа

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаас УИХ-д өргөн бариад байсан Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг буцаан татах шийдвэр гаргалаа.

Шинээр томилогдох Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцах, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах боломж олгох үүднээс дээрх шийдвэрийг гаргав.

Засгийн газар дараа оны улсын төсвийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих хуультай юм. Ж.Эрдэнэбатын танхим хуулийн дээрх хугацаанд нь Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байсан юм.


Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд томилогдлоо

Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганы 2017оны 10 дугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлж, танилцуулга хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн танилцуулгадаа, "Монгол Улсын Их Хурлын 2017 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын Нам нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье" гэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцээд Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм. Нэр дэвшигч У.Хүрэлсүх нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр удаа дараа сонгогдож, томилогдон төрийн хариуцлагатай алба хашиж ирсэн, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй, төрийн ажлын дадлага, туршлага хуримтлуулсан гэдгийг Байнгын хорооны дарга онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн танилцуулга, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсан юм.

Ингээд хуралдаанд оролцсон 47 гишүүний 100 хувийн саналаар нэр дэвшигч Ухнаа овогтой Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан түүнийг Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөллөө.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх тэр өдрийнхөө морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.

УхнаагийнХүрэлсүх нь 1968 оны 6 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа цолтой. Ам бүл 4, эхнэр 2 охины хамт амьдардаг. 2016 оны 7 дугаар сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байв.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж 2002 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2007 онд Алтан гадас одон, 2009 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнасан. Мөн НҮБ-ын "Манлайлагч Төрийн түшээ"-гээр өргөмжлөгдсөн. Тэрээр Cпортын мастер, Бэлтгэл хурандаа цолтой.


УИХ 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгчид, Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, тайлбар өгсөн.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс 2017 оны төсвийн тодотголд эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх шаардлагатай байгаа талаар байр сууриа илүүтэй илэрхийлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, “Багш, эмч нарыг цалинг 20-30 хувь нэмэхэд ойролцоогоор 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай байх шиг. Гэтэл төсвийн тодотголд урсгал зардалд 105 тэрбум төгрөг зарцуулахаар суулгасан байна. 2017 оны төсвийг батлахдаа урсгал зардлын асуудлаа нэг мөр суулгах ёстой байсан шиг санагдана.

Энэ мэт урсгал зардлын мөнгөөр л багш, эмч нарын цалин, урамшууллыг нэмэх боломж байна” гэж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, “Улсын Их Хурлын гишүүн бүхэн эмч, багш нарын цалин, урамшууллыг нэмэх гарц, боломжийн талаар ярьж байна. Миний хувьд эмч, багш нарын цалинг нэмэхдээ ажлын үзүүлэлт, чанартай нь харьцуулж нэмэх шаардлагатай гэсэн байр суурьтай байдаг. Хэн сайн ажилласан нь өндөр цалин авдаг зах зээлийн жишигрүү шилжмээр байна” гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Төсвийн тодотголд концессийн эргэн төлөлтөд 140 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай гэснийг эргэн хармаар байна. Үүний оронд 40 хувьд олгож байгаа хүүхдийн мөнгөний хүрээг тэлж 60,80 хувьд олгох шаардлагатай байна гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Төсвийн тодотгол гэдэг төсвөө сайжруулахыг хэлдэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард бид төсвийн тодотгол хийгээд сайжруулж чадаагүй, одоо ч сайжирсан юм алга. Төсвийн алдагдал нь 2,7 их наяд төгрөгтэй гарсан байхад 900 тэрбум төгрөгийн орлогыг сайшааж, зарцуулах тухай ярих нь сайн үзэгдэл мөн үү гэх зэргээр гишүүд байр сууриа илэрхийлж байлаа.

Ийнхүү Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, УИХ-дахь намын бүлгүүдэд шилжүүллээ.


Автомашинуудад цацрагийн хэмжилт хийгдэж байна

"Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Экспорт, импорт, хил хорио цээрийн хяналтын хэлтэстэй хамтран Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/85 тоот урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу “АБТЭМА”, “Прогресс транс”-ын гүний гаалийн хяналтын бүсэд Япон Улсаас импортоор орж ирж буй автомшинуудаас түүвэрлэн нийт 63 автомашинд цацрагийн хэмжилт хийжээ. Цацрагийн хэмжилтээр автомашинуудад цацрагийн бохирдол илрээгүй байна. Цацрагийн хэмжилт үргэлжилж байна.


МУГТ М.Уранцэцэг “Ташкент Гран При” тэмцээнээс алтан медаль хүртлээ

ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад, МУГТ М.Уранцэцэг Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээний нэг Узбекстан улсын Ташкент хотноо зохион байгуулагдаж буй “Ташкент Гран При” тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд барилдаж, аваргалан алтан медаль хүртлээ.

Тэрбээр өнгөрөгч есдүгээр сард жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт тамирчин болсон билээ.


Нийслэлээс “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг зарлалаа

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг зарлаж буй талаар Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар 10 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд танилцууллаа. Энэ сарын эхнээс нийслэл дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй байгууллагуудын албан хаагчдын дунд уг аянг эхлүүлээд байгаа аж.

Аяны хүрээнд нийслэл, дүүргийн албан хаагчид ажлын нэг өдрийг сонгон ажилдаа ирэх буцахдаа нийтийн тээврээр үйлчлүүлэхийг Нийслэлийн тээврийн газраас уриалж байгаа юм. Тус газраас нийслэлийн нутгийн захиргааны 85 байгууллагаас судалгаа санал авсан байна. “Судалгаанд хамрагдсан 59 байгууллагын 5373 албан хаагчийн 3696 нь нийтийн тээврийн цахим карттай. Нийтийн тээврээр үйлчлүүлж ажилдаа ирдэг 2671 албан хаагч байгаа бол хувийн автомашинаар ажилдаа ирдэг 2443 албан хаагч байна” хэмээн Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар тодотгож байлаа. Судалгаанд хамрагдсан байгууллагууд 7 хоногийн нэг өдрийг сонгон нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой гэж уг аяныг дэмжихээ илэрхийлж байгаа аж.

Хотын даргын зүгээс уг аяныг дэмжих нь зүйтэй гээд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг цаг тухайд нь хийж байх, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг Нийтийн тээврийн газрын даргад үүрэг болголоо.


МУИС байгуулагдсаны 75 жилийн ой тохиолоо

2017 оны 10 дугаар сарын 06-нд Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны 75 жилийн ой тохиолоо. Ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар тус сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Мөн Монгол УЛсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэсүх нар 75 жилийн ойгоо тэмдэглэж буй МУИС-ийн хамт болонд болон нийт төгсөгчдөд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

МУИС нь 1942 онд Дэлхийн II дайны хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэйгээр үндэс сууриа тавьж, анагаах ухаан, зоотехник, багш нарын гэсэн 3 факультет; математик, физик, биологи, ерөнхий хими, органик хими, мал эмнэлэг, анатоми гэсэн 7 тэнхимтэй байгуулагдан, үндсэн ангид 93, бэлтгэл ангид 53 оюутан элсүүлж, анхны хичээлээ эхэлсэн Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Улсын Университет буюу өнөөгийн Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний 23,000 гаруй оюутан суралцагч, 1,500 гаруй эрдэмтэн багш, ажилтантай эрдэм оюуны томоохон төв болсон юм.

Хуваалцах