Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Есдүгээр сарын 19-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар,
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Энэ долоо хоногт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал боллоо. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.

Ирэх 2016 оны долоодугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын 11-р Дээд түвшний уулзалтын үеэр англи хэлээр шууд орчуулга (синхрон) хийх зарим орчуулагчийг сонгон шалгаруулж, сургалтад хамруулахаар ГХЯ болон Европын Холбооны хооронд хэлэлцэж тохирсны дагуу шалгалтын баг энэ сарын 14-15-нд Улаанбаатар хотод ажиллалаа. Сонгон шалгаруулалтыг Европын Холбооны Орчуулгын Ерөнхий газрын Төслийн менежер, Хатагтай Биргит Гёоце, Европын Холбооны Монгол болон БНХАУ дахь төлөөлөгч, Ноён Том Пэрт нар удирдан явуулав. Сонгон шалгаруулалт нь Европын Холбооноос боловсруулсан аргачлалын дагуу чөлөөт болон сэдэвчилсэн ярилцлага хэлбэрээр явагдсан бөгөөд ярилцлагад нийт 25 орчуулагч оролцсоноос 6 хүртэл хүнийг сонгож, Европын Холбооны зардлаар дээр дурдсан сургалтад хамруулахаар боллоо.

Засгийн газраас энэ оны зургаадугаар сард тогтоол гаргаж, Хубилай сэцэн хааны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулж, 20 орчим ажил хийхээр төлөвлөсөн. Энэ ажлын эхлэл болгон Хубилай сэцэн хааны түмэн өлзий гийсний 800 жилийн нээлтийн арга хэмжээг энэ долоо хоногт Чингисийн талбайд хийлээ. Түүний эдэлж хэрэглэж явсан эд өлгийн зүйлс, мөн тухайн үеийн Юань гүрэнтэй холбогдох түүх археологийн олдворуудаар үзэсгэлэн гаргасан. 50-60 оны үед олдсон Юань гүрний үеийн археологийн олдворууд, түүхэн бичээсүүд, тамга, дардас, гоёл чимэглэлийн зүйлсийг анх удаа олны хүртээлд хүргэсэн юм. Үзэсгэлэнд тавигдсан 300 орчим олдворыг үндэсний түүхийн музейгээс гадна 5 байгууллагын архивыг шүүж, судлаж байж гаргасан байна. Морь унаад явж байхдаа тоглох боломжтой өвөрмөц ятгын тухай түүхийн хуудсанд бичигдэж үлдсэн ч биет байдлаар бидэнд үлдээгүй байдаг. Тиймээс түүхэн баримтуудыг сөхөж судлан Хубилай хааны мэндэлсний 800 жилийн их ойн хүрээнд төрийн энэ ятгыг урласан байна. Ятгуудыг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр соёл урлагийн их сургуулийнханд гардуулж өгсөн юм. “Хубилай сэцэн хаан-800” үзэсгэлэн бүтэн сарын турш үргэлжилнэ.

Тавин тн алтны нөөцтэй гэгдэж байгаа Гацууртын алтны ордыг Монгол Улс стратегийн орд газар болгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Гэсэн хэдий ч чухам хэдэн хувийг нь стратегийн орд газарт авах тухай эцсийн байдлаар шийдээгүй байгаа тул өнөөг хүртэл орд газрыг ашиглаагүй байгаа юм. Лиценз эзэмшигч "Сентерра Гоулд" компанийн хувьд долоо хоногийн өмнө харуул хамгаалалтаа буулгаснаас болж “нинжа” гэгддэг гар аргаар алт олборлогчид талбайд нэвтрэн орсон тухай Мандал сумын байгаль орчны байцаагч мэдээлж байсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл авто замыг энэ сарын 21-ний 06:00 хүртэл бүрэн хааж өнгө хучилт хийж байна. Иймд хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчихыг нийслэлийн Авто замын газраас анхаарууллаа.

Сонсголын бэрхшээлтэй иргэд гэмт хэрэг, гал, гамшиг, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага өгөхөд харилцааны хүндрэл гардаг. Ийм иргэд төрийн үйлчилгээ тусламж авч чадалгүй сэтгэл санаа, амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй гардаг байна. Тиймээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр 101, 102, 103, 105 дугаарын утсанд дуудлага мэдээллийг мессеж хэлбэрээр хүлээн авч байна. Сонсголын бэрхшээлтэй иргэд Монголын дүлий иргэдийн холбоонд гар утасны дугаараа бүртгүүлэх шаардлагатай аж. Энэ үйлчилгээг эхний ээлжинд Улаанбаатарт хэрэгжүүлж, цаашид орон даяар нэвтрүүлэх юм байна.

“Номын баяр” өнөөдөр Чингисийн талбайд 10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нээлт 11.40 цагт болох юм. Өдөрлөгийн хүрээнд “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, номын 20-50 хувийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номын шагналтай тэмцээн уралдаан болох аж.

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Есдүгээр сарын 19-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар , 22-нд баруун зүгийн нутгийн баруун, төв, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


















